Төв цэнгэлдэх хүрээлэнг өвлийн улиралд ашиглах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-25 16:35:25

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төслийн нээлт өнөөдөр боллоо.


НЗДТГ-ын мэдээлснээр, Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн байна.


“Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам ярихдаа “Төв цэнгэлдэх хүрээлэн зөвхөн том үйл ажиллагаа зохион байгуулдаг талбай бус, иргэдийн өдөр тутмын амьдралд ойр, улирал харгалзахгүй ашиглах орон зай байх ёстой. Тиймээс хамт олны санаачилгаар, хувийн хэвшлийн дэмжлэгтэй “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төслийг хэрэгжүүлж, өвлийн улиралд дотор болон гадна талбайг иргэд нээлттэй, идэвхтэй ашиглах боломжийг бүрдүүллээ. Сурагчид амарч гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед хүүхэд, залуусыг хөдөлгөөн хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд энэ бүтээн байгуулалт эерэг нөлөө үзүүлнэ” гэв.


“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төсөл нь:

  • Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих
  • Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх
  • Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх
  • Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байна.

 “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025”  үйл ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 10-нийг хүртэл үргэлжилнэ.  





 

相关新闻