МСНЭ сэтгүүл зүйн Анхдагчдыг батламжилж, шилдэг сэтгүүлчдийг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-10 15:48:44

Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс сэтгүүлзүйн Анхдагчдыг батламжлан, шилдэг сэтгүүлчдэд шагнал гардуулж, ахмад сэтгүүлчиддээ хүндэтгэл үзүүллээ.

Орон даяар нэвтрүүлгээ цацдаг анхны өргөн нэвтрүүлгийн чөлөөт радио “Шинэ Монгол радио”, зөвхөн хүүхдэд зориулсан анхны хэвлэл мэдээллийн байгууллага болох www.amuka.mn портал сайт, дэлхийн тэргүүлэх сонинуудыг анх удаа албан ёсны эрхтэйгээр Монгол хэлнээ орчуулан хүргэж буй “Засгийн газрын мэдээ сонин” ХХК, олон улсын стандартын шаардлагыг хангасан анхны сонин “Засгийн газрын мэдээ” сониныг тус тус сэтгүүл зүйн Анхдагчаар батламжилж, сертификат гардууллаа. Тус компани нь AНУ-ын алдарт “Нью Йорк таймс” /New York times/, “Файненшл таймс” /Financial times/ сониныг анх удаа өөрсдийн тавьсан шаардлагын дагуу, стандартыг нь хангаж Монгол хэлнээ хэвлүүлж буй юм.

Мөн энэ жил 85 насны ой тохиож буй ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа, 80 насны ой тохиож буй Ц.Дашдондов, 70 насны ой тохиож буй Ч.Эрдэнэ нарт өнөөдөр МСНЭ хүндэтгэл үзүүлж, "Алтан өргөмжлөл", мөнгөн аягаар урамшуулан шагнав. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид энэ үеэр “Бид залгамж чанаргүйгээр, өнгөрсөн үеэ хүндлэхгүйгээр, түүхээ дурсахгүйгээр өнөөдрийг ярина гэдэг өрөөсгөл. Бидний дундаас тэгш хүндэтгэлт насыг зооглож буй эрхэм хүндэт ахмадуудынхаа төлөөлөлд өнөөдөр хүндэтгэл үзүүлж байна. Бидний эгнээнээс өөрийн бүтээл, туурвил, эрдэм оюунаараа тодрон гарч, Монгол даяар нэр алдартай болсон эрхэм хүмүүний нэг Чулуунбатын Эрдэнэ, Монголд чөлөөт ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Цэрэндоржийн Дашдондов, Монголын эмэгтэй сэтгүүлчдийн хамгийн ахмад төлөөлөл болсон, нэрт уран бүтээлч Дүгэрийн Амбасэлмаа нарт сэтгүүл зүйн салбарын хойч үе бид заавал хүндэтгэл үзүүлж, үлгэр дууриал авч явах учиртай юм” гэв  

Ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа “Сэтгүүл зүй гэх агуу том байгууллагад би 50 гаруй жил ажилласан. 70 жилийн өмнө буюу 1946 онд Хөдөлмөрийн дэвтрээ анх нээлгэж байлаа. Хойч үеийн минь залгамж болж байгаа та нартаа уран бүтээл, ажил хөдөлмөрийн амжилт хүсч, цог жавхлантай явахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

МОНЦАМЭ агентлагийн захирал асан, ахмад сэтгүүлч Ч.Эрдэнэ “Өнөөдөр миний хамгийн их баярлаж буй зүйл бол МОНЦАМЭ агентлагаас “Мэдээний шилдэг сурвалжлагч”-ийг шалгаруулж, жил бүр шагнадаг болж байгаа явдал. Анхны шагналыг авсан залуу сэтгүүлчдэд баяр хүргэе. Сэтгүүл зүйд хамгийн хүндтэй мэргэжил бол мэдээний, “гүйдэг” сурвалжлагч байдаг. Би өөрөө 27 жил “гүйдэг” сурвалжлагч байсан. Намайг мэдээгээр дагнасан Монголын сэтгүүлч гэдгийг барууны орнуудад ч мэднэ. Би 1990 онд Англид сэтгүүл зүйн дээд курсыг төгссөн. Энэ сургууль сурвалжлагч мэргэжлээрээ дагнан насан туршдаа ажиллахаа баталсан хүмүүсийг маш өндөр шалгууртайгаар сургадаг. Гэхдээ төгсгөхдөө мэргэжлээрээ ажиллах асар өндөр эрхийг өгдөг. Дэлхийн ямар ч сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга хийх эрхийг албан ёсоор олгож буй хэрэг. Тиймээс МСНЭ-ийн удирдлагуудад хандаж хэлэхэд Монголын сэтгүүлчдийг гадаад оронд сургаж, олон улсын түвшинд гаргахад анхаарахыг хүсч байна” гэлээ.

Ахмад сэтгүүлчиддээ хүндэтгэл үзүүлсний дараа МСНЭ-ийн хүндэт шагналыг сэтгүүлчдэд гардууллаа. Тухайлбал МСНЭ-ийн нэрэмжит шагналаар Б.Хишиг-Ундрал /ТВ-9 телевизийн редактор/, Догсомын Бодоогийн нэрэмжит шагналаар Д.Цэдэн-Иш /Интерком ХХК Захирал/ нарыг шагнав.

Ган Үзэгтэн шагналаар,

Т.Оргилдулам /Хан-Уул дүүргийн ИТХ-ын ХМОНХА-ны ажилтан

Б.Дэлгэрхишиг /Ган-Зам сонины сурвалжлагч/

Ц.Намжилмаа /Дуулга теле студийн сэтгүүлч редактор/

Ц.Ариунаа /Хүннү.мн сайтын Ерөнхий редактор/

Б.Цэдэвсүрэн /Ардчилал сонины сурвалжлагч/

Б.Ширнэн /Ардчилал сонины сурвалжлагч/

Ж.Гэрэлчулуун /Ардчилал сонины сурвалжлагч/

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр,

Н.Тогтох /”Хөвсгөл хөтөч” студийн сэтгүүлч/

М.Наранболд /Ган-Зам сонины сурвалжлагч/

Л.Ууганбаяр /Соёмбо сонины Нягтлан бодогч/

М.Даваадулам /Монголын мэдээ сонины Маркетингийн албаны дарга/

Н.Пунцагболд /Монголын мэдээ сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга/ -

Ж.Батхишиг /Хүннү.мн сайтын Гүйцэтгэх захирал/

Ө.Батмандах /Хан-Уул дүүргийн хэвлэлийн албаны дарга/

Г.Отгонжаргал /МҮОНРТВ-ийн спортын сэтгүүлч/

Ж.Цэцэгмаа /NTV телевизийн спортын сэтгүүлч/

Ч.Болорчулуун /Ньюс.мн сайтын редактор/

Д.Аюушжав /Глоб интернэйшнл ТББ/

Т.Мөнхбүрэн / Глоб интернэйшнл ТББ/ нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал
 

相关新闻