Баяннуур сумын болон сургуулийн удирдлагад хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 71 сурагч хоолны
хордлогот халдвараар өвчилсөнтэй холбогдуулан тухайн сумын болон сургуулийн
удирдлага, багш ажилчид гээд нийтдээ 20 орчим хүнд Зөрчлийн тухай хуулиар
хариуцлага тооцохоор болжээ.
Уг асуудлаар өчигдөр аймгийн Мэргэжлийн
хяналтын газар, Прокурорын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн
газраас Баяннуур сумын болон сургуулийн удирдлага, холбогдох багш, ажилтнуудыг
байлцуулан өргөтгөсөн хурал зохион байгууллаа.
Аймгийн Прокурорын газраас Зөрчлийн
тухай хууль, Төрийн албаны хууль тогтоомжуудыг зөрчсөн сумын болон сургуулийн
удирдлага, дотуур байр, гал тогооны ажилчид гээд нийтдээ 20-иод албан
тушаалтанд өөрсдийн хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор
биелүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах нь
зүйтэй гэсэн чиглэлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.
"Мэргэжлийн байгууллагуудын зүгээс
өнгөрөгч ес, аравдугаар саруудад шалгалт хийж, ийм ийм зөрчлүүд илэрч байна,
ариун цэвэр, халдваргүйжилтийн ажил шаардлага хангахгүй байна гэдэг шаардлагыг
удаа дараа өгч байсан ч үүнийг биелүүлээгүй нь туйлын хариуцлагагүй байдал
байгаа юм. Тийм учраас энэ хариуцлагагүй байдлыг таслан зогсоохын тулд бид
аймгийн удирдлагуудад хандаж сумын удирдлагуудад хариуцлага тооцуулах асуудлыг
давхар ярина. Хүний амь нас хохироогүй нь аз юм.
Цаашид бусад сургуулиудыг бас шалгах шаардлагатай" гэдгийг аймгийн
ерөнхий прокурор Т.Батсүх онцоллоо.
Харин аймгийн Мэргэжлийн хяналтын
газрын дарга Б.Мухамед, хариуцлага алдсан дотуур байрны тогооч, үйлчлэгч,
дотуур байрны багш, нийгмийн ажилтан зэрэг нийтдээ 19 хүнд зөрчлийн хэрэг нээж
шалгасан. Одоо эдгээр албан тушаалтнуудад Зөрчлийн тухай хуулийн дагуу
хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан даалгавар
хүргүүлж байгаа. Тус байгууллагын зүгээс хариуцлага алдсан сургуулийн захирлыг
албан тушаалаас нь өөрчлөх саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж
байгаа гэлээ.
Дашрамд сануулахад, өнгөрсөн сарын
17-ны өдрөөс тус аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын 71 хүүхэд
хоолны хордлогот халдвараар өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харин
хүүхдүүдийн дунд биеийн байдал ноцтойгоор хүндэрсэн хүүхдүүд байгаагүй бөгөөд
аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс
хийсэн лабораторийн шинжилгээгээр халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн
нь хоолны хордлогот халдвар гарахад нөлөөлсөн хэмээн дүгнэсэн юм.