Аз жаргалын өдрөөр иргэдээ эерэг мэдээллээр цэнэглэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Аз жаргалын зам" ТББ, “Зар сурталчилгаа" сонин хамтран Аз жаргалын өдрийг 3 дахь жилдээ зохион байгуулна.
2012 онд НҮБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн аз жаргалын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
“Аз жаргалын зам" ТББ жил бүр энэ өдөрт зориулсан уриалга гаргаж, аз жаргалын сэдэвт эсээ бичлэгийн уралдаан болон сайн дурын чиглэлээр олон ажил өрнүүлдэг. Харин энэ жил “Дэлгэр сайхан Монголдоо Аз жаргалтай амьдарцгаая” уриалгын дор уг өдрийг тэмдэглэхээр тогтжээ. Энэ хүрээнд “Гэгээн үйлстэн-2016” шалгаруулалтыг явуулахын зэрэгцээ "Аз жаргалтай Монголчууд" сэдэвт гар болон гэрэл зураг, эсээ бичлэгийн уралдаан тус тус зохион байгуулна.
"Аз жаргалын зам" ТББ-ын тэргүүн Д.Баясгалан, “Жил бүр зохион байгуулдаг ажлууд маань үр дүн сайтай байгаа. Тухайлбал, 2014 онд “Аз жаргалын өдөр”-ийг “Дуут дохиогүй өдөр” болгон тэмдэглэсэн нь замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд зөв дадлыг төлөвшүүлэхэд нөлөөгөө өгсөн. Энэ жилийн үйл ажиллагаанд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн, тухайн өдөр эерэг мэдээллээр ард иргэдээ цэнэглээсэй хэмээн уриалж байна” гэв.
Э.Бат-Уянга