Малын хулгай, иргэдийн өмчийн эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-24 20:52:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас “Отолт”, “Орон байр” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан нийт бие бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ сарын эхний 15 хоногийн байдлаар Цагдаагийн газарт иргэд байгууллагаас гэмт хэргийн 50 гомдол мэдээлэл ирснээс малын хулгай, иргэдийн өмчийн эсрэг гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж, өсөх хандлагатай байгааг хэлж байна.

Нутаг дэвсгэрээр мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалтыг тогтмол хийж, мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн зөрчил бүрт Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох, аж ахуйн нэгжүүдийн харуул хамгаалалтыг шалгаж хяналт тавих, хэсгийн байцаагч нар аж ахуйн нэгжүүдийн объект судалгааг шинэчлэн гаргах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сургалт мэдээлэл зохион байгуулах, санамж, сэрэмжлүүлэг тараан өгөх зэрэг олон ажлыг зохион байгуулж эргүүл хяналтаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Мөн гэмт хэргийн газраас болон шүүхээс оргон зайлсан сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах, оргодол этгээдийг олж баривчлах, гэмт хэрэг нөхөн илрүүлэх ажлуудыг хийж байгаа ажээ.

 Монголын уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүл, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм. 

相关新闻