Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрийн газрууд бүтээгдэхүүнээ танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит үйлдвэрийн газрууд өчигдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн үзэсгэлэн нээв.
Үзэсгэлэнгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын дарга, удирдлагууд оролцлоо.
Үйлдвэрийн газрууд барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, сурталчлах, захиалан авах боломж бүхий тус үзэсгэлэнг гуравдахь жилдээ зохион байгуулжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулан, төрөөс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгон цахимжуулах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэвтрүүлсэн шинэ үйлчилгээг агентлаг, байгууллагууд чиглэл чиглэлээрээ танилцуулсан юм.
Мөн ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагууд тодорхой чиглэлээр иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлж, Улсын бүртгэлийн байгууллага цахим системээс 23 төрлийн лавлагааг иргэдэд олгох, 25, 45 насны иргэдийн иргэний үнэмлэхний хугацааг сунгах, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхээ гээсэн иргэдийн захиалгыг хүлээн авах зэргээр үйлчиллээ. Түүнчлэн Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс ясны сийрэгжилт, биеийн эсийн найрлагын оношлогоо, эхо үзлэг хийсэн төдийгүй хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газраас төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэгчдийн бараа, ажил, үйлчилгээг тэргүүн ээлжинд худалдан авах, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагыг үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбох зорилтыг тавин ажиллаж байна.