Хууль бус ан хийж, эд эрхтнийг нь зарсан зөрчил илэрсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж шалгахад хууль бус ан хийж, эд эрхтэнг нь гарал үүслийн тодорхойлолтгүй зарсан, худалдан авсан, тээвэрлэсэн 371 удаагийн зөрчил, дутагдлыг илрүүлжээ.
Нийт
24 зүйлийн 1713 бодгаль амьтныг агнаж, барьсан байна. Үүнд мануул мий 3, зэрлэг
гахай 6, бор гөрөөс 3, цагаан зээр 15, чоно 16, үнэг 5, алтайн тарвага 17, монгол
тарвага 691, зээрд шонхор 1, нөмрөг тас 3, дагуур ятуу 7, ногтруу 247, тагтаа
124, монгол хадран загас 72, шивэр хадран загас 71, зэвэг 27, алтайн сугас 16, цагаан
загас 88, булуу цагаан 36, амарын цулбуурт 35, алгана 1, гутаарь загас 1, улаан
нүдэн загас 32, бусад загас 196 бодгаль өртжээ.
БОУАӨЯ-ны мэдээлснээр шалгалтад 1200
орчим хүн, хуулийн этгээдийг хамруулсан бөгөөд 365 хүн, 1
хуулийн этгээдийн зөрчлийг шалган шийдэж, нийт 92.500.000 төгрөгийн торгууль,
514.359.500 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, хууль бусаар олсон орлого 600
мянган төгрөгийг хурааж, улсын орлого болгосноос гадна 5
хүнд холбогдох зөрчилд хэрэг нээгээд байгаа аж.
Ан, амьтан агнахад ашигласан эд зүйл галт зэвсэг 30 (сайга-1ш, вепрь-1ш, саббати-1ш, тоз8-25ш, мансер18-1ш, карбин-1ш), бууны сум 10, мөсний өрөм 1, загасны тор 5, загасны уурга, дэгээ 4 ширхгийг хураан авлаа. Галт зэвсэг, сумыг Цагдаагийн байгууллагад, бусад эд зүйлс, амьтны мах, эд эрхтэн /мэрэгч амьтдаас бусад/-ийг орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд, тарвага, мэрэгч амьтдын мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлжээ.