Амралтын өдөр дугаарын хязгаарлалтад 320 цагдаа хяналт тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 490 дуудлага хүлээн авч зам тээврийн ослын шинжтэй 377-г нь шалгаж шийдвэрлэв.
Зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтэж, нийслэлд 9 хүн бэртжээ. Ослын хэлбэрээр үзвэл явган зорчигч мөргөсөн 5, мөргөлдсөн 18, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол бүртгэн шалгаж байна.
Мөн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөн зохицуулалтад нийт 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн ба Нарантуул ОУХТ, Дүнжингарав зэрэг томоохон захаас бусад замуудад хөдөлгөөний ачаалал сийрэг, хэвийн үргэлжилсэн бөгөөд иргэдээс үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад талархал илэрхийлж байлаа.
Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлэн саатуулж ажиллалаа.
Ноцтой зам тээврийн хэргээс дурдвал:
- Булган аймгийн Орхон сумын нутаг, шороон замд H.Porter маркийн автомашин онхолдож 1 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
- Хөвсгөл аймгийн “Хүрэн хад” гэх газар асфальтан замд T.Corolla Rumion маркийн автомашин онхолдож, 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг тус тус харьяа аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.