Боловсролын салбарын ажилтнуудын цалинг ялгавартай нэмснийг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-30 15:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг ялгавартай нэмэж байгааг эсэргүүцэж МҮЭХ-ны Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо тэмцэж эхлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр, тус холбооны дарга Ж.Батзориг хэлэхдээ, “Боловсролын салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийн тулд 2018 оны есдүгээр сард тэмцэл өрнүүлж ажил хаясан. Дээрх асуудлаар Засгийн газар болон багш нарын дунд маргаантай асуудал байсан ч талууд харилцан зөвшилцөлд хүрсэн юм. Үр дүнд нь өнгөрсөн оны 10 дугаар сард боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг 7 орчим хувиар нэмсэн. Гэтэл Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргахдаа боловсрол, шинжлэх ухааны салбарын 26 мянган ажилтны цалинг ердөө 1-1.5 хувиар нэмэхээр болж, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэв.

 

Тус холбоо энэ асуудлаар удаа дараа Засгийн газарт хандсан боловч тодорхой хариу ирүүлээгүй. Тиймээс эсэргүүцэж байгаагаа зарлах, эхний шатанд Засгийн газарт хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, цаашлаад ажил хаях зэрэг тэмцлийг эхлэнэ хэмээн мэдэгдлээ. Мөн тэмцэл нь ямарваа нэг нам, эвслээс ангид гэдгийг тодотгож байв.  

 

Б.Дэнзэнсамбуу

相关新闻