“Хүрэл тулга-2016” наадмын шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГСүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадмын шилдгүүд тодорлоо.
Хүүхэд багачуудыг үгийн баялаг сантай танилцуулж, санаж бодсоноо урнаар илэрхийлж сургах зорилготой тус наадмыг 6-9, 10-12 анги гэсэн насны ангиллаар зохион байгуулав.
Наадмын эхний шатанд хүүхдүүд өөрсдийн зохиосон шүлгээ уншиж, хоёр дахь шатанд хамгийн өндөр оноотой 10 хүүхэд шүүгчдээс өгсөн Ертөнц, Огторгуй сэдвээр арван минутын хугацаанд шүлэг зохиож өрсөлдсөн юм.
Наадмын 6-9 ангийн насны ангилалд тэргүүн байрт 11 дүгээр сургуулийн сурагч Н.Саранжил шалгарсан бол удаах байрт 3 дугаар сургуулийн Э.Алтаншагай, 2 дугаар сургуулийн Э.Энх-Уул, тусгай байрт МУБИС-ийн ЕБС-ийн сурагч Г.Намуун-Индра нар тус тус шалгарав.
Харин 10-12 ангийн насны ангилалд тэргүүн байрт МУИС “Байгаль эх” лицей сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Энхтуул, удаах байрт 71 дүгээр сургуулийн А.Сайханбаяр, 2 дугаар сургуулийн Б.Тэмүүлэн нар шалгарч, тусгай байрыг2 дугаар сургуулийн Х.Буянбат эзлэв. Энэ үеэр 12 дугаар ангийн сурагч Х.Буянбат, С.Тэмүүжин, Д.Энхтуул нарт Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас өөрийн сургуульдаа элсэн суралцах эрхийн бичиг гардуулав.
Тус наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Г.Сонинбаяр, МСЭ-ийн гишүүн, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч-яруу найрагч С.Батгүр нар ажилласан юм.
Ж.Болор