Дархан хот Японы Айзувакамацу хоттой эгч дүүсийн харилцаа тогтооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар өнгөрсөн сарын сүүлээр Япон улсын Фукушима мужийн Айзувакамацу хотод албан айлчлал хийгээд ирсэн. Тус аймгийн удирдлагуудыг Айзувакамацу хотын дарга Шоней Мурой хүлээн авч уулзах үеэр хоёр хотын хүүхдүүдийг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах тухай ярилцжээ.
Энэ тухай аймгийн Засаг дарга А.Энхболд орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ:-“Бидний анхны уулзалт хүүхдүүдээ дэмжсэн гэгээлэг яриагаар эхлэж цаашид “Эгч дүү” хотын төвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын дүнд гадаад хамтын харилцаагаа бэхжүүлэхийн тулд хоёр улсын ёс заншил, урлаг соёлыг сурталчлах хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтуудыг хотууддаа харилцан зохион байгуулах ажлыг бүх талаар дэмжиж ажиллах болсон” гэв. Тус уулзалтыг зохион байгуулж хоёр хотын удирдлагууд уулзаж хамтын харилцаа тогтооход “Монгол-Японы Аз жаргал” нийгэмлэг ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Б.Норовсамбуу