Эх хэлээ хайрлан, хамгаалах аянд нэгдэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-19 10:20:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь энэ сарын 21-нд болох Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан фэйсбүүк хэрэглэгчдийн дунд #MyLanguageMatters уриалгыг эхлүүллээ.

Дэлхий дээр өнөөдөр 7000 хэл хэрэглэж байгаагаас 2680 хэл устаж үгүй болох аюулд өртөөд байгаа аж. Иймээс энэхүү аяны зорилго нь энх тайван, тогтвортой хөгжил, хэл, соёлын олон төрөл зүйлийг хөхиүлэн дэмжиж монгол уламжлал, өв соёлоо эх хэлээрээ дамжуулан хадгалж, хамгаалах үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлэх, эх хэлээ хайрлан, хамгаалахын ач холбогдлыг онцлоход оршиж байгаа юм.

Бидний эх хэл-монгол хэлээ хайрлан хүндэтгэх, хадгалж хамгаалахын ач холбогдол, утга учрыг илэрхийлсэн бичлэг, зураг, хөдөлгөөнт зураг, meme, текст гээд хүссэн хэлбэрээ ашиглан #MyLanguage Mattershashtag-ийг хэрэглэн пост хийх боломжтой.

Уншигчид та бүхэн энэхүү олон улсын аянд нэгдэж эх сайхан аялгуу хэлээ эрхэмлэхийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс уриаллаа.

相关新闻