Сонгуулийн жил хэдий ч Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-16 14:52:30

Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчдийн уулзалтад өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцон, Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар мэдээлэл хийж, бизнес эрхлэгчидтэй нээлттэй ярилцлаа.

АНУ-ын Худалдааны танхим нь дэлхийн олон оронд салбартай, 3 сая гаруй гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулдаг. Энэ танхимын Монгол дахь салбар 2010 онд анх байгуулж, өдгөөд 50 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тодруулбал Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдэд жижиг дунд бизнес эрхлэгчид, Монголд хөрөнгө оруулалт хийсэн Америк компаниуд, Америк улстай холбоотой бизнесменүүд, Монголын болон хамтарсан олон компаниуд нэгдээд байгаа аж.

Монгол дахь Америкийн худалдааны танхим сар бүр уулзалт зохион байгуулдаг бөгөөд жилд нэг удаа Ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж оролцуулан, асуудлаа ярилцдаг уламжлалтай. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаагийн уулзалтад оролцохдоо, Монгол Улс бизнес, хөрөнгө оруулалтад нээлттэй улс бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд АНУ-ын оролцоо чухал гэдгийг онцолж байв. Мөн тэрбээр Дэлхийн банкнаас гаргасан “Бизнес эрхлэхүй” судалгаагаар Монгол Улс 2015 онд 76 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд 56 дугаар байрт хүрч дэвшсэнийг хэлж байсан юм.

Түүнчлэн Монгол Улс Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай байгуулсан, Оюутолгой төслийн хоёр дахь үе шат, далд уурхайн бүтээн байгуулалтад олон улсын хөрөнгө оруулагчид 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон, Монгол Улсын урт хугацааны Хөгжлийн бодлогыг боловсруулсан, Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэрэг мэдээллийг Америкийн худалдааны танхимын гишүүдэд өгөв.  

Уулзалтад оролцогчдоос Ерөнхий сайдад олон асуулт тавьж байсны дотор Монголд сонгуулийн жил тохиож буйтай холбоотой хөрөнгө оруулалтын орчин хөндөгдөх эсэх тухай асуулт олон давтагдаж байв. Ерөнхий сайд үүнд “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байж, эдийн засгийн хөгжил хангагдана. Сонгуулийн жил болж буй ч Мега төслүүд хэвийн үргэлжилж, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллана” гэж хариуллаа. Мөн татварын шинэ орчинтой холбогдуулан НӨАТ-ын тухай шинэ хууль, цаашид хөрөнгө оруулалтын орчин татварын орчинтой хэр уялдах эсэхийг асууж байлаа. Ерөнхий сайд Монгол Улсын одоо явуулж буй бодлого хэвийн үргэлжилнэ гэсэн хариултыг тодорхой үндэслэлтэй нь өгч байсан юм.  

Өнгөрсөн 2015 оны уулзалтын үеэр бизнес эрхлэгчид Оюутолгой, Тавантолгойн асуудлыг хөндөж, халуухан уур амьсгалтай уулзалт өрнөж байжээ. Жишээлбэл, Тавантолгойд Америкийн том компани хөрөнгө оруулагчаар орсон байсан ч төсөл зогссон, Хан ресурсын асуудалтай холбогдуулан Монголд хөрөнгө оруулбал эргээд хөрөнгө оруулагчидтайгаа заргалдаад явчихдаг, баталгаагүй орчин бүрдээд байна гэх мэтээр шүүмжилж байсан аж. Харин энэ удаагийн уулзалт их өвөрмөц болж байгааг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа онцолж байлаа. Мөн тэрбээр Монгол, Америкийн худалдааг сайжруулахад Засгийн газар ямар бодлоготой байгаа тухайд “Хоёр их орны дунд оршдог манай орны хувьд эдийн засгийн багтаамж багатай. Ерөнхий сайдын эдийн засгийн хөгжлийн гарц, философи нь юу гэвэл Монгол Улс байршлаа ашиглах, дэлхийн хоёр том зах зээлийг ашиглах бодлогыг хэрэгжүүлэх тухайд байдаг. Хэрэв манай улстай хөрш оршиж байгаа дэлхийн хоёр том зах зээлийн гарц нь байж чадвал АНУ-ын хөрөнгө оруулагчдыг татах боломж байна гэж боддог. Гэхдээ хамгийн чухал нь эдийн засгийн болон улс төрийн маш тогтвортой орчныг бүрдүүлж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг болно гэж Ерөнхий сайд үздэг” гэлээ.

Энэ мэтчилэн олон асуудлыг хөндөж дэлгэрэнгүй ярилцсан өнөөдрийн уулзалтад бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон Монгол дахь Элчин сайдын яамдын төлөөлөл 70 гаруй хүн оролцсон юм. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻