Цэцэрлэгийн хүүхдийг 4110, сургуулийн суудлыг 4260-аар нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засаг хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийг нээх үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ, “Монгол
Улсын Засгийн газраас ЕБС-ийн ачааллыг бууруулах, орчин нөхцөлийг сайжруулах,
сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургуулийн
менежментийг боловсронгуй болгох, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй,
чанартай үзүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдаад сүүлийн жилүүдэд
манай улсын бага, дунд боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд бодит дэмжлэг
болж чадсан, олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн
нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан” хэмээв.
Тус төслийн
урт хугацааны үр нөлөө нь боловсролын хүртээмж, тэгш байдал, чанарыг
дээшлүүлэх, шууд үр дүн нь эдийн засгийн хүндрэлийн үед суурь, бүрэн дунд
боловсролын хүртээмж, чанарыг хадгалахад чиглэж байна. Төслийн хүрээнд дараах 5
чиглэлээр багц ажлыг хэрэгжүүлэх юм.
- Улаанбаатар хот болон 4 аймгийн төвд 23 цэцэрлэг, 10 сургуулийн
байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр барьсан болон өргөтгөсөн сургууль,
цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн хүрээнд цэцэрлэгийн хүчин чадал
4110, ЕБС-ийн суудлын тоо 4260-аар нэмэгдэнэ.
Цэцэрлэг, сургуулиудын барилгыг шинээр барих болон
өргөтгөхдөө эрчим хүчний хэмнэлттэй, гамшигт тэсвэртэй, суралцагчдын нас, хүйс,
тусгай хэрэгцээт боловсролын шаардлагыг хангахуйц шинэлэг шийдэлтэй зураг
төслөөр гүйцэтгэхээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх “Ногоон
барилга”-ын шийдлээр гүйцэтгэх нь тус төслийн томоохон онцлог юм.
-Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн нөхцөл
байдлын судалгаа, дүгнэлтэд үндэслэн сургуулийн удирдлага, багш, боловсролын
байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг шат дараатай зохион байгуулна.
ЭЕШ-ын дүн оноог шалгалт өгсөн даруйдаа шууд мэдээллэдэг болох зорилгоор шууд
засалтын технологийг нэвтрүүлэн шалгалтын үр дүн, засалтын талаар иргэдийн дунд
үүсдэг буруу ойлголт болон шалгуулагчид үүсэх чирэгдлийг арилна. Ингэснээр их,
дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт зохион байгуулах боломжтой болох
юм. Цаашлаад шалгалтын мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийн сургалтын хөтөлбөр
боловсруулалт, хэрэгжилт, үнэлгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн менежмент
нь тус төслөөс хүлээгдэж буй нэгэн томоохон үр дүн юм.
-Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа хийж, түүнд тавигдах шаардлагыг
боловсруулан сургуулийн өмнөх боловсролын хэрэглэгдэхүүнээр хөдөө орон нутгийн
цэцэрлэгийн 30 хувь нь хангагдана. Мөн бага боловсролын казах хэлний сурах бичгийн
чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
-ЕБС-ийн менежментийг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор
сургуулийн болон багшийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, сургууль,
цэцэрлэгийн удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих онлайн
сургалтын хөтөлбөр боловсруулж, удирдах ажилтнуудын 70 хувийг танхимын болон
онлайн хэлбэр хосолсон сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
БСШУСЯ-ны зүгээс 2021 он хүртэл буюу богино хугацаанд өргөн цар хүрээтэй ажлыг
гүйцэтгэхээр төлөвлөсөн тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний болон
санхүүгийн нөөцийг зөв зохистой, үр дүнтэй ашиглан төслийг чанартай
хэрэгжүүлэхэд талууд идэвх санаачилгатай хамтран ажиллаж, салбарт хэрэгжиж буй
бусад төслүүдтэй уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг чухалчилж байгаа аж.