Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-26 17:22:59

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан ажлын хэсэг 2025 оны эхний хагас жилд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр гэсэн зургаан аймгийн 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шалгалт хийжээ.


Шалгалтаар сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрсэн төдийгүй тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ. Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10 хувь хэтэрсэн бол сургуулийнх 35 хувиар дутуу дүн гарсан байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулж ажиллах зөвлөмж, зөвлөгөөг өгчээ.


Тэгвэл энэхүү хяналт шалгалтыг үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногоос Улаанбаатар хотын зургаан дүүргийн 10 орчим ЕБС-д хийж байгаа бөгөөд МУБИС-ийн харьяа лицей, нийслэлийн 47-р сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулсан байна. Ингэхдээ  сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нян, бактерийн шинжилгээ, гал тогооны агааржуулалт, орчны эрүүл ахуйн байдал, хоолны шим тэжээл зэрэг нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг хянажээ.







相关新闻