Сургуулийн барилгын дулаан алдагдлыг шийдвэрлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-05 13:13:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2,3 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн багш нар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй уулзлаа.

Ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд өвөлдөө 14 хэмийн дулаантай танхимд сурагч багш нар өвлийн хувцастайгаа хичээллэдэг. Хэдийгээр өнгөрсөн онд дүүргээс спорт заалны дээврийг 100 гаруй сая төгрөгөөр засварласан боловч нөхцөл байдал дээрдээгүй. Иймд хүүхдийн сурах таатай орчныг бүрдүүлэхийн тулд сургуулийн барилгын дулаан алдагдлыг шийдвэрлэх асуудал тулгамдаж байна. Халаалт, дулааны асуудалтай сургууль үүнээс гадна хэд хэд байна. Мөн багш нарын ачаалал их, бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг эхээс гаргуулах, сургуулийн автобустай болох, сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой саналаа сайдад уламжлав.



БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Сурагчдад сурах таатай орчин нөхцөл бүрдүүлэхээс эхлээд хөрөнгө оруулалт халаалт дулаан гэхчлэн бүгдийг зөвхөн яамны хэмжээнд шийдвэрлэх боломжгүй. Нийслэл, дүүргийн төсвөөр тодорхой хувийг шийдвэрлэх ёстой. Дөрвөн салбарын хэмжээнд 147 тэрбум төгрөгийн засварын санал ирсэн ч төсөвт 3 тэрбум төгрөг тавигдсан. Тиймээс нарийн судалгаа, төсөв тооцоотой нэн шаардлагатай ажилд засварын мөнгийг хуваарилна” гэв.

Энэ ажилтай холбоотой ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт гаргахыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ш.Дашдэмбэрэлд үүрэг болгов.

相关新闻