“Домог” хамтлаг 10 нас хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын үндэсний урлагийн “Домог” хамтлаг энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байна. Тус хамтлагийн залуус өнөөдөр ололт амжилт, уран бүтээлийн тайлан болон ойн хүрээнд зохион байгуулах ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Анх 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор үндэсний язгуур урлагаа уламжлан хадгалах, эх орондоо төдийгүй дэлхий дахинаа таниулах, орчин үеийн этник чиглэлийн бүтээл туурвих, дэлхийн сонгодог болон бусад төрлийн бүтээлийг морин хуур, хөөмэйн аялгууг хослуулан тоглох зорилгоор байгуулагджээ.
Тэд I, II, III морин хуурч, их хуурч, цохивор хөгжимчин бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж, Монголын үндэсний урлагийг дэлхий дахинаа таниулж чадсан хэмээж байв. Мөн өнгөрсөн хугацаанд Америк, Европ, Азийн олон орноор аялан тоглож, олон улсын чанартай уралдаанд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг өндөрт өргөж иржээ.
Ойн хүрээнд өнөөдөр тохиож буй Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрчүүддээ зориулан хүндэтгэлийн их цэнгүүн зохион байгуулах юм. Харин ирэх тавдугаар сард “Өсвөрийн морин хуурчдын наадам”, долдугаар сард манай улсад болох АСЕМ-ын уулзалтын үеэр гадаадын зочид төлөөлөгчид болон жуулчдад зориулан тоглолтоо үнэ төлбөргүй толилуулахаар зэхэж байгаа аж.
Мөн ирэх 10 дугаар сард үндэсний хөгжим болон хувцасны гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах юм. Эл үзэсгэлэнд мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдыг идэвхтэй оролцохыг уриалав.
Түүнчлэн 12 дугаар сард “Домог 10 жил” тоглолтоо нижгэр хийхээр төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, тус хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд Монгол үндэснийхээ урлагийг хөгжүүлэх, сурталчлахын зэрэгцээ улс орондоо тустай хүмүүнлэгийн ажил хийж иржээ. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын ахмадын асрамжийн газрын ахмадуудад үнэ төлбөргүй тоглолт хийж, гарын бэлэг гардуулдаг аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал