Монгол, Япон судлаачдын нэгдсэн хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-11 18:16:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран зохион байгуулж буй “Хамтарсан судалгаа-Шинэ технологи” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Тус төсөл Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу 5 дахь жилдээ үргэлжилж байгаа юм.

Энэ нь МУИС, ШУТИС-ийн судалгааны баг болон Японы судалгааны баг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, олон нийтэд таниулан сурталчлах зорилготой.

Хуралд Монгол Улсын Засгийн газар, Японы ЭСЯ, ЖАЙКА болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, бизнесийн байгууллага, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, Япон Улсын 30 гаруй доктор, профессор, судлаач оролцож илтгэл хэлэлцүүлж байна.


Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан судалгааны их сургуулийг бий болгох зорилтын хүрээнд МУИС, ШУТИС, Японы их сургуулиудын хооронд хамтарсан судалгааг хөгжүүлснээр багш, судлаачдын судалгаа хийх арга барил улам сайжрах төдийгүй, цаашлаад их сургуулийн дэргэд гарааны компани байгуулах, Японы сургалт судалгааны ажлын туршлагаас суралцаж, хэрэгжүүлэх давуу талтай юм.

Олон нийтэд “1000 инженер” гэх нэрээр танигдсан Инженер технологийн дээд боловсрол төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн чиглэлээр хэрэгждэг.

Хамтарсан судалгааны хөтөлбөр нь МУИС, ШУТИС-ийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхийг сайжруулах, Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны компани байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, МУИС, ШУТИС-ийг судалгааны их сургууль болоход бодитоор дэмжих зорилготой. Одоогоор, энэхүү хоёр сургуульд 8 тэргүүлэх чиглэлээр судалгааны 20 багт 400 орчим судлаач Япон улсын их сургуультай хамтран судалгаа хийж, туршлага солилцож байна.

Одоогийн байдлаар, хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад магистрын хөтөлбөрт нийт 30, докторын хөтөлбөрт нийт 57, зэргийн бус сургалтын хөтөлбөрт нийт 209 багш судлаач тус тус хамрагдаад байна. 

Тус хурал маргааш дуусна.

相关新闻