Виртуал жолоодлогын технологийг Багануурын уурхайд нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-03-12 15:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы судлаачдын нэгдсэн “Хамтарсан судалгаа-шинэ технологи” сэдэвт хурал өнөөдөр МУИС-ын Номын санд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг хурлыг манай улсад хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хийж байгаа бөгөөд хурлын үеэр МУИС-аас судалгааны тэргүүлэх дөрвөн чиглэлийн 10 хамтарсан судалгааны төслийг амжилттай  хэрэгжүүлж байгааг мэдээллээ. Бид судалгааны багийн гишүүдээс хамгийн залуу судлаачдын нэг, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан-инженерчлэлийн сургуулийн компьютерын ухааны магистрант А.Амгалантай уулзсан юм.


Тэрээр 24 настай, компьютер графикийн лабораторид судалгаа хийж байна. А.Амгалан, “Манай төслийн баг өнгөрсөн онд Багануурын уурхайд хүнд машин механизмын удирдлагад виртуал смулятор буюу автомат удирдлагын жолоодлогыг хийж өгч нийлүүлээд байна. Манай төхөөрөмж нь виртуал реалити технологи дээр суурилсан, хүний таван мэдрэхүйг ашиглаад бодит мэдрэмжийг төрүүлэх байдлаар жолоодлогыг бий болгож байгаа юм Технологийг МУИС-ийн Хэрэглээний тэнхимийн профессор А.Энхбаяр багш маань санаачилж, удирдлага дор нь бид дөрвүүлээ ажиллаж байна” гэв. Энэ нь жолооч, оператор нарын ажлыг хөнгөвчилж өгөхөөс гадна ажлын бүтээмжийг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.






Монгол-Японы судлаачдын нэгдсэн “Хамтарсан судалгаа-шинэ технологи” сэдэвт хуралд БСШУЯ, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид, оюутнууд, Японы ЭСЯ, ЖАЙКА болон олон улсын байгууллага, ТББ-ууд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч ААН-ийн төлөөлөл, мөн Япон улсын 30 гаруй доктор, профессор, судлаач оролцож судалгааны ажлаа танилцуулж, илтгэл хэлэлцүүлж байна. 

“Хамтарсан судалгаа-шинэ технологи” сэдэвт хурал нь "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулж буй зөвхөн нэг ажил юм. 7 хоногийн хүрээнд гуравдугаар сарын 14-нд МУИС, ШУТИС-ийн судалгааны үр дүн, бүтээлийг олон нийтэд танилцуулж, лабораторийг нээнэ. Гуравдугаар сарын 15-нд Япон улсад суралцах оюутнуудад батламж гардуулах юм. Улмаар ирэх дөрөвдүгээр сарын 9-нд "1000 инженер-ажлын байр" төслийн нээлттэй өдөрлөг болох юм. 


                                                                                                                                                                                                  Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻