Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд саналаа нэгтгэн танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-06 22:32:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Хувийн их, дээд сургуулиудын холбоо (ХИДСХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав.


Өнгөрсөн сарын сүүлээр төрийн бус өмчийн 39 их, дээд сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзахдаа сайд Ё.Баатарбилэг “Зөвхөн өөрийн сургуулийн бэрхшээлийг ярихгүйгээр Монгол Улсын дээд боловсролын тогтолцоог өргөн хүрээнд харж, нэгдсэн санал танилцуулах” чиглэл өгсөн билээ. Монгол Улсын хэмжээнд төрийн бус өмчийн 72 их, дээд сургууль байдгаас 40 гаруй нь ХИДСХ-ны гишүүн юм.


Уулзалтын эхэнд, ХИДСХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн төрийн бус өмчийн их, дээд сургуулиудаас салбарын яаманд тавьж буй саналыг уламжлав. Тухайлбал, Ерөнхий боловсролын ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд төрөөс дэмжих, сургалтын агуулгын стандарт бий болгох зэрэг санал хэллээ. Мөн ЭЕШ-ын босго оноог өнгөрсөн оныхоор нь байлгах, салбарын бодлогод хувийн сургуулиудын асуудлыг тусгуулж ажиллахын тулд Сайдын зөвлөлд тус холбооноос төлөөлөл багтааж өгөхийг хүсэв.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг эдгээр асуудлыг судалж, анхаарч ажиллахаа илэрхийлээд сургуулиудын сургалтын чанарыг тогтмол хянана. Хангалтгүй байгаа сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэргээр шаардлага тавьж ажиллана гэв.


Этүгэн их сургуулийн хичээлийн байранд болсон энэхүү уулзалтын үеэр, тус сургууль БСШУС-ын сайд болон хувийн сургуулиудын удирдлагад Сувилахуйн болон нүүр ам судлалын ур чадварын төв, Номын сан, Спорт заалаа үзүүлж, үр дүнд чиглэсэн хөтөлбөрийн шинэчлэл, хөтөлбөрөө танилцуулсан юм.

相关新闻