Явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг 120 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 98 хувь нь Баян-Өндөр суманд амьдарч байна. Тус сумын хүн амын нягтаршлаас улбаалж авто зам, явган хүний замыг өргөсгөх, нэмэгдүүлэх, засварлах ажлыг жил бүр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийдэг. Энэ жил таван байршилд 1230 м явган хүний замыг сэргээн засварлахаар ажиллаж байна.
Уг нь хотын 19 байршилд 5370 м замыг засах зураг төсөв гарсан байдаг ажээ. Гэхдээ төсөв мөнгөндөө тааруулж энэ жил 1000 гаруй метр замыг засна. Ингэхдээ нэгдсэн нэг зураг төсвөөр барих юм. Тодруулбал, явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийх нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.
Орхон аймаг 2018 оны байдлаар 70370 м.кв талбай бүхий явган хүний замтай
гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнийг 2016 онтой харьцуулахад есөн хувиар өссөн
байна. Үүнээс гэр хороололд 11.511 м.кв
талбайд явган хүний зам байгуулжээ. Мөн 6.2 км урттай эрүүл мэндийн болон аяллын зам барьсан байна.
Өнгөрсөн онд аймгийн хөрөнгө оруулалтаар Говил багт 17.5 сая төгрөгөөр 200
м явган хүний зам, 14м –ийн урттай гүүрэн гарц, Орон нутгийн хөгжлийн сангийн 48
сая төгрөгөөр нийтийн эзэмшлийн замыг зассанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхэд зориулж долоон байршилд 1435 м.кв зам,
нэг гүүрэн гарц байгуулжээ.