СӨБ-д хуваарилдаг хөрөнгө оруулалтаараа Монгол улс хоёрт жагсав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улс боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг юм” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сан өнөөдөр гаргасан шинэ тайландаа дурдсан байна.
Туркменистан улс
төсвийн 28 хувийг сургуулийн өмнөх боловсролд хуваарилдагтай харьцуулахад,
Монгол Улс төсвийнхөө 26 хувийг хуваарилж хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Үүний
ачаар Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын
хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Энэхүү амжилтыг олон
улсын түвшинтэй харьцуулбал, 2017 онд дэлхийн улс орнууд боловсролын салбарын
төсвийн дунджаар 6.6 хувийг сургуулийн өмнөх боловсролд зарцуулсан байна. Үүнээс
мэдээлэл нь байгаа улс орнуудын 40 орчим хувь нь боловсролын төсвийн 2 хүрэхгүй
хувийг энэ салбарт хуваарилдаг аж.
Ийнхүү Монгол Улсын
Засгийн газраас бага насны хүүхдийн боловсролд ихээхэн ач холбогдол өгч ирсэн
нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлжээ. Хүн амын нягтрал сийрэг,
нийт иргэдийн багагүй хувь нь нүүдэллэн амьдардаг Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн 86-аас дээш хувь нь бага
насны боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт
болох 50 хувь, мөн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 80 хувьтай
харьцуулахад харьцангуй их байгааг тус тайланд онцолжээ.
Алслагдсан орон
нутагт улирлын чанартай ажилладаг нүүдлийн гэр цэцэрлэгийг бий болгосон нь эерэг
арга хэмжээ болсон тухай мөн онцолжээ. Байршил, уур амьсгал, амьжиргааны түвшин
зэргийг харгалзсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын хүүхдүүдийг сургуулийн
өмнөх боловсролд хамруулахад ихээхэн тус
нэмэр болсон тухай бичсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран
бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус, ариун цэвэр, хамгаалал, хөгжил
боловсролын асуудлыг цогц байдлаар дэмжих ажлыг бодлого, үйл ажиллагааны түвшинд хэрэгжүүлж
байна. Тухайлбал, бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хүрээнд эрүүл
аюулгүй, хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн харгалзсан, дулаан хэмнэлттэй, дотоод агаарын зохистой
байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй цэцэрлэгийн “загвар” барилгын ажлыг Баянзүрх
дүүрэгт эхлүүлээд байгаа юм. Мөн цэцэрлэгийн барилгын
доторх агаарын чанарыг сайжруулах, дулааны алдагдлыг бууруулах ажлыг үе шаттай
хэрэгжүүлж байна.
“Бид сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тэгш
хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах дэмжлэгийн хүрээнд бага насны хүүхдийг сургах үйл явцад орчин
үеийн дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, гэр бүлд бага насны хүүхдийн
хөгжлийг дэмжих хувилбаруудыг турших зэргээр Монгол Улсын Засгийн газар, иргэд
олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай
хамтран ажиллаж байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс
Хайкенс тэмдэглэв.