Монголын багш нарын VII их хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Анхны их хурлаас 84, сүүлчийн их хурлаас 23 жилийн дараа болж буй түүхэн их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Өнөөгийн боловсролын салбарт шийдвэрлэгдээгүй асуудал, суурь бэрхшээл дэндүү их байна. Бүхэлд нь авч үзвэл, Монголын боловсролын салбарын хөгжил цаг үеийнхээ шаардлагад нийцэхгүй, нийгмийн эрэлтэд зохист хариуг өгч чадахгүй түвшинд хүрчээ. Хүний нөөц бэлтгэхэд салбар хоорондын уялдаа муу, боловсролын салбарын бодлогын залгамж чанар, тогтвортой байдал алдагдсан, улс төрөөс хэт хамааралтай болсон нь бүх доголдлын уг шалтгаан юм. Боловсролын салбарынхан яам, түүний харьяа байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн албан хаагчид, бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, ажилтнууд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн оронд дээд шатны байгууллагаас тасралтгүй буулгаж буй улс төрийн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хамаг цаг, хүчээ барж, ямар ч хэрэгцээгүй давхардсан олон тайлан, тооцоо гаргах, төрийн болон төрийн бус байгууллагаас сонгуульд эртнээс бэлтгэх агуулга бүхий тэмцээн, уралдаан, олныг хамарсан ажилд нухлагдан, ажлын байрны хиймэл ачаалалд дарагдаж байна. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Засгийн газраас Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагаа, ажиллагчдын нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэх бодлогоо зарлах, хэрэгжүүлэхийг шаардаж, боломжтой бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Бүх түвшний сургалтын байгууллага иргэдэд чанартай амьдрахад шаардагдах цогц чадамжуудыг эзэмшүүлэх, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд сургалтаа чиглүүлж, сургалтын орчин, агуулга, арга зүйдээ ахиц дэвшил гаргахыг мөн шаардаж, хамтран ажиллах болно. Багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхнээс хүүхэд, залуусыг хүнлэг ёс суртахуунтай, эх оронч үндэсний үзэлтэй, өргөн мэдлэгтэй, эрүүл чийрэг, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсэж, уриалан, хамтран ажиллах болно” гэв.
Боловсролын салбарт хүчин зүтгэж буй 47.8 мянган багшийн
санал бодлыг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800
төлөөлөгчийг төлөөлж, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян үг хэлсний дараа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад үе үеийн багш нарын
сүлд дуулал болсон “Багшаа дуулъя” дуугаар нээлтийн ажиллагаанд түрлэг нэмлээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Монголын багш нарын VII их хурлын
төлөөлөгчдийн 20.6 хувь нь эрэгтэй, 79.4 нь эмэгтэй багш байна. Хамгийн ахмад
төлөөлөгч Монгол Улсын Гавьяат багш Ц.Балхаажав өдгөө 91 настай бол хамгийн
залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш 22 настай Г.Тэгшсүрэн байв.
Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.