Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-04-18 15:48:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завханы нутаг, Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр өнөө шөнө, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.


Энэ сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21, 23-нд зарим газраар секундэд 14-16 метр, 20, 22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

相关新闻