Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Төв номын сан, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцтай хамтран үндэсний бичиг үсгийн баярыг Сайншанд хотод дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулж байна.
Үндэсний бичиг, соёлоо сурталчлах, хойч үедээ уламжлуулах, монгол бичгээ сурч нийтэд түгээж байгаа зарим байгууллагыг урамшуулах, хэлний боловсролыг дээшлүүлэх, цахим орчныг бүрдүүлэх, хэрэглээг буй болгох зорилготой бичиг үсгийн баярт МОНЦАМЭ агентлагаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
“Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа тус сонины уншигч редакцийн уулзалт, монгол хэлний болон бага ангийн багш нарын уулзалтад оролцож монгол бичгийн хэрэглээ, тулгамдаж буй асуудал, төрөөс явуулж буй бодлого шийдвэрийн талаар харилцан ярилцсан юм.
Мөн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шагналтнуудын уран
бичлэгийн бүтээлүүдийн дээжээс авчирч үзэсгэлэн гаргаж байгаа юм.
МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шагналтнуудын бүтээлээс говь нутгийнханд зориулан сонирхуулж байна.
Мөн энэ үеэр Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчдын сайхан бичигтний бүтээлийг дэлгэн тавьсанаас гадна монгол бичгийн номын үзэсгэлэн, нэгээс тавдугаар ангийн шинэ номын болон “Ном бидний нөхөр” гар зургийн үзэсгэлэнг орон нутгаас зохион байгуулж буй.
Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт “Хүмүүн бичиг” сонины захиалагчдын тоо нэмэгдэж, монгол бичгээ сурах идэвх сайжирч байгаа аж.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг орон
даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.