Малын махыг нэмүү өртөг шингээн экспортод гаргах нь зөв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын нийт малын 95 гаруй хувийг бэлчээрийн мал эзэлдэг нь экспортлогч орнуудын шаардлагыг хангахгүй байгаа талаар өнөөдөр болсон “Махны экспортын төрийн бодлого” хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Учир нь экспортлогч орнууд фермерийн аж ахуйд зориулалтын аргаар тэжээсэн малын мах авах сонирхол өндөр байдаг аж. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын судалгаанаас үзэхэд махны үйлдвэрлэлийн 9 хувийг л бэлчээрийн мал аж ахуйгаас, 54 хувийг газар тариалан МАА хослуулсан аж ахуйгаас, гахай, шувууны махны 50 дээш хувийг үйлдвэрээс авдаг байна. Тиймээс бэлчээрийн малын мах авах орон цөөн байгаа аж.
1992 онд Монгол Улс 25 сая малтай байсан бол эдүгээ энэ тоо 60 сая хол давж байна. Өөрөөр хэлбэл, малчид малын тоо толгойг нэмэгдүүлж, түүнээс гарах түүхий эдийг бэлтгэх ажлаа 100 хувь биелүүлсэн гэсэн үг юм. Харин одоо аж ахуйн нэгжүүд тэдний бэлтгэсэн түүхий эдийг боловсруулж, дотоодын зах зээлээ хангах цаашлаад олон улсад нийлүүлэх ажлыг хариуцах ёстой гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэлцүүлгийн нээлтийн үеэр хэллээ.
Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүд түүхий эдийг боловсруулах, бэлчээрт байгаа малыг нядлахаас эхлээд махыг нь дулааны аргаар боловсруулах хүртэл бүх шат дамжлагыг зангидах бодлого байгаагүй. Тухайлбал, өнгөрсөн өвөл зуд болох сургаар малчид малаа борлуулж, Улаанбаатар хотын махны нийлүүлэлт 3 дахин нэмэгдэж, үнэ огцом буурсан. Одоо мах хомсдоход үнэ дахиад өсөх болно. Тиймээс махны үнийг тогтвортой байлгах бодлого баримтлах хэрэгтэй. Дотооддоо зөв менежмент хийж чадвал Монгол малын махыг экспортод гаргах боломж бүрэн нээгдэх юм” хэмээв.
Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлого, Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Энэ хүрээнд үйлдвэрүүдийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн буюу дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжихэд түлхүү анхаарах заалт оруулжээ. Учир нь Монгол Улс дотоодын махны хэрэглээнийхээ ердөө 8 хувийг үйлдэрийн аргаар боловсруулдаг байна. Тиймээс дотоодын хэрэглээний махны эрүүл, ахуйн шаардлагыг хангах, цаашлаад экспортод гаргахад төр анхааран ажиллана гэдгийг АҮЯ-ны Худалдааны бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир мэдээлэв.
Тэрбээр, “Өнгөрсөн онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНХАУ-ын Худалдааны сайдтай уулзаж, мах махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох боложмийн талаар ярилцсан. БНХАУ жилд 80 сая тонн мах хэрэглэдэг. Өнгөрсөн хугацаанд Монгол Услж жилд 300 мянган тонн мах экстортолж байгаа нь БНХАУ-ын хэрэгцээний 0.05 хувийг л нийлүүлэх боломжтойг харуулж байна. Цаашдаа хууль эрхзүй, төрийн бодлогын хүрээнд мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг дээшлүүлж, хорио цээрийн олон улсын стандартыг ханган дээрх тоон үзүүлэлтээ нэмэгдүүлэх ёстой” гэлээ.
Улсын хэмжээнд мах боловсруулах 60 үйлдвэр байдаг бөгөөд үүний 50 хувь мах экспортлох эрхтэй. Эдгээр компаниуд ОХУ, БНКазУ, БНХАУ, Япон, БНУУ болон АНЭУ-д эскпорт хийдэг аж.
МҮХАҮТ-ын судалгаанаас үзэхэд БНСУ-д vхрийн мах, махан бүтээгдэхүүн, Япон улсад адууны хатаасан мах, нохойн хоол, ОХУ-д vхрийн мах, хонины мах, лаазалсан махан бvтээгдэхvvн, АНЭУ-д хурганы мах нийлүүлэх зөвшөөрөл авчээ. Монгол Улс Саудын Араб, Иран, Зүүн өмнөд Азийн орнуудад мах экспортлох бүрэн боломжтой хэдий ч өнөөг хүртэл энэ боломжийг ашиглаагүй байна. Учир нь эдгээр оронд импортын махны үнэ төдийлөн өндөр бус бөгөөд тээврийн зардлаас эхлээд олон асуудал тулгардаг байна. Тиймээс махаа гулуузаар нь бус харин ангилж ялгасан, нөөшилсөн хэлбэрээр нэмүү өртөг шингээн гаргах нь тохиромжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ