Амбан захирагч Саманта Мостин Үндэсний номын санд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-09 14:25:54

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин өнөөдөр Үндэсний номын санд зочиллоо.

 

Захирал Б.Ичинхорлоо хүндэт зочинд Үндэсний номын сангийн танилцуулгыг хүргэж, төрийн айлчлалдаа номын санд морилох хөтөлбөр оруулсанд нэн баяртай байгаагаа илэрхийлэв. Үүний дараа Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн Австралийн ЭСЯ-ны санхүүжилтээр Үндэсний номын сантай хамтран монгол орон даяар хэрэгжүүлсэн "Хил хязгааргүй номын сан" төслийн үр дүнгийн талаар танилцуулж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлсэн нийтийн номын сангийн хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжих уг төслийг санхүүжүүлсэн Австралийн Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлэв.

 

Амбан захирагч Саманта Мостин “Миний ээж номын санч хүн байсан учраас хүүхэд байхдаа аавтайгаа хамт ээжийнхээ ажлаар дандаа очдог байсан. Би өөрөө Австралийн Үндэсний болон Мужуудын номын сангийн холбооны Хүндэт Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай. Тиймээс айлчлалынхаа хөтөлбөрт номын санг багтаахыг хүссэн” гээд, өөрт нь элгэмсүү санагдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Австралийн зохиолчдын шилдэг ном бүтээлийн дээжээс 40 гаруй номыг хандивлаж, захирал Б.Ичинхорлоод хүлээлгэн өгөв.



相关新闻