Энэ хагас сайн өдөр улс орон даяар "Номын баяр" тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-18 12:10:03

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь  долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг 9 дүгээр сарын 19-ний бямба гарагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэнэ.

Чингисийн талбай дахь Номын баярын өдөрлөг бямба гарагийн 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлт 11.40 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын  уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50 хувийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номын шагналтай тэмцээн уралдаанууд болох юм.

相关新闻
注释