Энэ онд аймгийн хэмжээнд 28 худгийг шинээр гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-10 22:02:30

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 22 худаг, "Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил" төслийн санхүүжилтээр 6 худгийг тус тус гаргах юм. 

Аймгийн хэмжээнд нийт 954 бэлчээрийн худаг байна. Үүнээс инженерийн хийцтэй гүн өрмийн 737 худаг, энгийн уурхайн 211 худаг, 6 усан сан байгаа бөгөөд 812 худаг буюу нийт худгийн 85.1 хувийг ашиглаж, нийт өрхийн буюу 94.5 хувь нь усаар хангагдсан байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд инженерийн хийцтэй гүн өрмийн 188 худаг, энгийн уурхайн 20 худгийг шинээр гаргаж, 46 худгийг сэргээн засварлаж ашиглалтад оруулсны үр дүнд 420.0 мянган га бэлчээрийг усжуулж, 400 гаруй малчин өрхийн 860.0 мянган толгой малыг усаар хангах нөхцөлийг бүрдүүлсэн.

Цаашид олон жил ашигласан инженерийн хийцтэй гүн өрмийн худгийн усны ундаргыг лайдаж, худгийн гүний насосыг лаг шавар чулуунаас чөлөөлж, цэвэрлэж ашиглалтыг сайжруулах, усны хайгуулыг оновчтой зохион баййгуулж, хайгуул хийсэн цэгт худаг гаргах, дур мэдэн хайгуулгүй цэгт худаг ухаж, насжилтгүй, ашиглалт муутай хөрөнгө үрсэн худаг гаргахыг зогсоох шаардлагатай байгааг ХХААГ-аас мэдээллээ.

Газрын дээрх усны тооллогоор 803 гол горхиноос 39 гол ширгэсэн, 854 булаг, шандаас 89 булаг ширгэсэн, 215 нуур цөөрмөөс 20 нь ширгэсэн, 24 рашаанаас 2 ширгэсэн судалгаа гарсан байна.  


相关新闻