“Хятадын стратеги” ном монгол уншигчдад хүрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн стратегийн онолд хувьсгалч шинж бүхий том нээлт хийсэн алдартай эрдэмтэн Эдвард Луттвакийн шинэ бүтээл "Хятадын стратеги" номын нээлт өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо.
Номын нээлтэд оролцохоор зохиогч Монголд хүрэлцэн иржээ. Энэхүү бүтээлд гадаад харилцааны стратегийг жинхэнэ стратегич хүний нүдээр харж, системчлэн авч үзэж, бодитой баримтад тулгуурлан бичжээ. Үүнээс авах сургамжууд, шинээр олж авах ойлголтууд, үнэ цэнтэй мэдлэг олон бий аж.
Уг номын орчуулагч Ц.Буянтогоо, “Төрийн стратеги гэдэг бол геополитикийн судлагдахуун юм. Эдвард Луттвак эрдэмтэн олон жилийн өмнөөс судалсан судалгааны үндсэн дээр энэхүү номоо бичсэн. Ингэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд Хятадын стратегийг судалж, энэ том гүрний бодлого гурван удаа өөрчлөгдсөн гэж үзсэн. Хятад улс сүүлийн үед маш хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлж, худалдан авах чадвараараа АНУ-аас илүү улс болж чадсан. Энэ хэрээр цэрэг арми, техникийн хүч нь тэлж, зарим хөрш улс руу чиглэсэн түрэмгий бодлого явуулж эхэлсэн нь "China 2.0" гэдэг стратеги юм. Өмнө нь "China 1.0" стратеги явуулсан нь маш амжилттай хэрэгжиж, Хятад улсад том амжилт авчирсан. "China 2.0" стратеги нь түрэмгий шинжтэй байсан. Япон, Вьетнам, Филиппин зэрэг улстай хилийн маргаан үүсгэсэн нь Хятадын эсрэг чиглэсэн олон улсын эвсэл үүсэх шалтгаан болсон. Энэхүү байдлыг стратеги геополитикийн онолын үүднээс тайлбарласан юм. Энэ ном бидэнд өөрсдийн бодлогыг боловсруулахад чухал суурь болох ёстой” гэв.
Зохиолч Эдвард Луттвак хэлэхдээ, “Нэн тэргүүнд Монгол Улс сүүлийн 15 жилд эрэмбэ дараалал нь ихээр өөрчлөгдөж, өрсөлдөөн нь улам ширүүссээр буй их гүрнүүдийн дунд “уран нүүдэл” хийх ёстой болж байна. Хятадыг “хайрцаглах” зорилго бүхий далайн гүрнүүдийн эвсэл 2008 онд Австралийн санаачилгаар бүрэлдэж эхэлснээр 2002 онд Япон, 2016 онд Америк нэгдээд байна. Уг эвсэлд Вьетнам, Энэтхэг чухал байр суурьтай гишүүд болсон бөгөөд ОХУ-тай ч тэд ойр нягт хамтран ажиллаж байна. Далайн гүрнүүд Хятадын хөрш зэргэлдээ улсуудтай сайн харилцаа хөгжүүлэхийг сонирхох нь зайлшгүй бөгөөд энэ нь мөн олон улсын тавцан дахь Монгол Улсын үүрэг оролцоог улам нэмэгдүүлэх нь жам ёсны үзэгдэл юм. Би бага наснаасаа стратегийг дурлан сонирхсоор ирсэн нэгэн. Монгол бол агуу их стратегичийн эх орон. Тиймээс Монголын уншигчидтай энэ номоор уулзаж байгаадаа баяртай байна” гэв.
Тэрбээр номын нээлтийн үеэр
"Өнөө цагийн дэлхийн геополитикийн хандлага" сэдвээр лекц уншсан юм. Тэрбээр
Вашингтон хотод орших Стратеги, олон улс судлалын төв хэмээх томоохон
тинк-такийн тэргүүлэх зөвлөхөөр ажиллаж асан, стратегич, түүхч, эдийн засагч,
батлан хамгаалахын зөвлөх мэргэжилтэй. Аюулгүй байдлын онол, төрийн стратеги,
цэргийн түүх, цэргийн стратеги судлалаар мэргэшсэн. Түүний “Ромын
эзэнт гүрний агуу стратеги”, “Зөвлөлт Холбоот Улсын агуу стратеги”, “ Византийн
эзэнт гүрний агуу стратеги”, “Стратегийн онол”, “Хятадын сэргэн мандал ба
стратегийн логик”, “Төрийн эргэлт, түүнээс хамгаалах технологи” зэрэг ном бүтээл нь ихэд алдаршсан аж.