Согтуу жолооч 2 настай хүүхэд гэмтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн баяраар согтуу жолооч 2 настай хүүхэд мөргөж гэмтээсэн ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.
Тус алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 564 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 зөрчлийг шалгажээ. Тухайлбал, энэ сарын 1-ний 18.12 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртын замд "Subaru Forester" загварын тээврийн хэрэгсэл явганаар явж байсан хоёр настай хүүхдийг мөргөж гэмтээжээ. Энэ сарын 2-ны 19.30 цагт Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны 279 дүгээр худгийн урд замд "Honda Civic" загварын тээврийн хэрэгсэл 13 настай охиныг мөргөж гэмтээжээ. Дээрх тээврийн хэрэгслийн жолооч нар согтуугаар хөдөлгөөнд оролцож байсан аж.
Нийт ослын улмаас нийслэлд 12 хүн бэртэж, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Ноцтой ослоос дурдвал, энэ сарын 1-ний 19.45 цагт Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг, "Бутын шил" гэх газар шороон замд "Toyota Chaser" загварын автомашин онхолдож 41 настай жолооч амиа алдсан. Өнөөдөр 01.54 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тавдугаар багийн 25 дугаар гудамжинд "Hyundai Sonata-5" загварын тээврийн хэрэгсэл дэлгүүр мөргөж, 30 настай жолоочийн амь хохирчээ. Дээрх ослуудыг харьяа цагдаагийн байгууллага шалгаж байна. Баяр ёслол, амралтын өдөр замын цагдаа нар 100 согтуу жолооч илрүүлж, хуулийн хариуцлага оноов.
Эдгээр өдөр гарсан зам тээврийн ослын шалтгааныг судалбал, согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй байна. Түүнчлэн хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс хүүхэд бэртэж байна. Иймд иргэд, жолооч нар согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөв.