Боловсролын тухай хуулийн төслийг энэ онд өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын суурь хууль болох Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах өргөтгөсөн ажлын багийн хурлаар хуулийн шинэчлэлийн зураглал, концепцийн талаар санал бодлоо солилцлоо.
2002 онд баталсан
тус хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн
чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна.
Хуулийг боловсруулахдаа дэлхий нийтийн болон Монгол Улсын тогтвортой
хөгжлийг зорилтыг хангах, “Боловсролын мастер төлөвлөгөө-2030” бодлогын бичиг
баримт боловсруулах ажлын хүрээнд хийсэн Боловсролын салбарын судалгааны үр
дүнд суурилахыг чухалчилж байгаа юм.
Мөн Монголын
багш нарын VII их хурал зэрэг 2016-2019 онд зохион байгуулсан салбарын томоохон
хурал, зөвлөгөөний шийдвэр, уриалга, зөвлөмж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн
саналыг тусгах, гадаад орнуудын ижил хуулиудыг судлах зэргээр өргөн хүрээнд
хандаж, ирээдүйг баримжаатай тооцоолох ёстой гэдгийг салбарын сайд хэллээ.
Хуулийн
төслийг боловсруулах явцад сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын
салбар бүрээр болон нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, засан сайжруулах юм. Хууль
тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүлж, дэмжсэний дараа УИХ-д өргөн мэдүүлэх аж.