Худалдаачид мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн зохицуулалт хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-30 17:48:44

Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Яармаг зэрэг худалдааны төвд худалдаа эрхлэгчид нэгдэж, “Хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулснаа өнөөдөр зарлалаа.

Эдгээр зах худалдааны төвүүдэд мөнгө хүүлэгч 20-30 хүн ажилладаг. Тэд банкнаас зээл авах боломжгүй иргэдэд сарын 10-20 хувийн хүүтэй зээл олгодог байна. Гэрээнд тусгаснаар сарын 10 хувийн хүүтэй гэж байгаа ч тухайн өдрөөс хэтэрвэл цагийн мөнгө нэмдэг гэнэ.

Жишээ нь, хэн нэгэн зээлдэгч сарын 10 хувийн хүүтэй 10 сая төгрөг зээллээ гэхэд 30 хоногийн дараа 11 сая төгрөг төлөх ёстой ч маргааш нь эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрсэн тохиолдолд цагийн алданги нэмж тооцсоор асар их мөнгө төлөх ёстой болдог аж. Ингэснээр хувиараа худалдаа эрхлэгчдэд мөнгө төгрөгийн болоод сэтгэл санааны хүнд дарамт ирдэг байна. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин одоогоор байдаггүй, иргэд хоорондын харилцан тохиролцоонд түшиглэдэг. Одоогийн байдлаар худалдаачдын 70-80 хувь нь уг зээлд хамрагдаад байгаа бөгөөд үүний 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид ярьлаа.

“Яармаг” худалдааны төвд худалдаа эрхлэгч А.Соёлмаа, “Бид зээлсэн мөнгөө эргэлдүүлэх байтал улам өрөнд орж, өглөөнөөс орой болтол ажиллачихаад талхны ч мөнгөгүй, өртэй гэртээ харьж байна. Өрөө төлж чадахгүй бол мөнгө хүүлэгчид зарж байгаа барааг хураан авч, гэрт хүртэл очиж дарамталдгаас болж зарим нь гэртээ ч харьж чадахгүй байдалтай байна” гэлээ.

Тиймээс хувиараа худалдаа эрхлэгчдийг дэмжсэн хууль эрх зүйн зохицуулалт хийж өгөхийг төр засгаас хүсч байгаагаа илэрхийлэв.

Э.Бат-Уянга

相关新闻