Баяр наадмын үйл ажиллагаанд 500 гаруй уран бүтээлч оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Энэ жилийн наадамд хүчит 256, өсвөрийн 64 бөх барилдана. Бөхийн бүртгэл энэ сарын 8-наас эхлэх аж.
Мөн монгол, эрлийз үүлдрийн
есөн насны морьд уралдана. Эрлийз бага, дунд, дээд насны морьд 7 дугаар
сарын 9-нд, монгол морьд 10,11-нд уралдана. Морь барианы газарт “Мобиком”
корпораци шинэ төхөөрөмжөө суурилуулах тул үүрэн телефоны сүлжээ тасалдахгүй
гэнэ. Хурдан морь унаач хүүхдийн бүртгэл болон амь насны даатгал, эрүүл мэндийн
шинжилгээг 7-ноос эхлүүлэх гэнэ. Морьдыг
нийт найман машин дагана.
Урианхай сурын харваа 9-нд, үндэсний сур, шагайн харваа 10,11–нд наадмын талбайд болно. Энэ жил
Орхон аймгийн баяр наадмыг үзэхээр хамтын ажиллагаатай улс, хотын төлөөлөгчид
ирнэ. Тодруулбал, Солонгос, Вьетнам, ОХУ-аас зочид ирэх аж.
Соёл урлагийн нээлтийн үйл ажиллагаанд 500 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Баяр наадмын
хаалтын дараа буюу 11-нд “Нэгдсэн цэнгүүн” зохион байгуулахаар
төлөвлөж байна.
Худалдаа, үйлчилгээ болон
хуушуур, шорлог хийх зөвшөөрлийг цахимаар зургаадугаар сарын 25-наас энэ сарын 2-ныг дуустал бүртгэж маргааш сугалааны зарчмаар олгох ажээ.
Нийтийн хэв журмыг хангах
ажлын хэсэг харуул, хамгаалалтад ажиллах цагдаа, хүчний байгууллагын бэлэн байдлыг
илтгэж тээврийн хэрэгслийн 7 төрлийн зөвшөөрлийг Замын Цагдаагийн газраас
олгохоор болсныг мэдээллээ.
Ийнхүү Орхон аймгийн баяр
наадмыг зохион байгуулах ажлын 8 хэсэг, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, баяр наадмын бэлтгэлийн явц болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийг
аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахалж байна.
Орхон аймгийн баяр
наадмыг орон нутгийн 7 телевиз, 2 сонин, 2 студи, сайтын 30 гаруй сэтгүүлч,
уран бүтээлч сурвалжилна.
