Зэвсэгт хүчний баг тамирчид олон улсын "Цэргийн наадам"-ыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Зэвсэгт хүчний баг тамирчид "Армейские игры" олон улсын "Цэргийн наадам"-д оролцохоор ОХУ, Беларусь, БНХАУ, Казахстан улсыг зорилоо.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуйгийн санаачилгаар зохион байгуулдаг уг наадамд манай улсын баг амжилттай оролцсоор ирсэн. Энэ жил "Аравт" морин цэргийн уралдаан, "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг", "Хээрийн гал тогоо", "Инженерийн томьёолол" гэсэн таван төрөлд оролцохоос гадна БНХАУ, Казахстан улсад болох гурван төрлийн тэмцээнд ажиглагчаар оролцох юм.
Беларусь улсад зохиогдох танкийн биатлоны төрөлд Зэвсэгт хүчний 9 ангийн 21 тамирчин оролцох бөгөөд тэдний дийлэнх нь уг уралдаанд оролцож байсан туршлагатай. Харин мэргэн буудагчийн заагны төрөлд БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 330, 015, 150, 256, 327, 350, 311 дүгээр ангийн бүрэлдэхүүн, хээрийн гал тогоо төрөлд Зэвсэгт хүчний 8 ангийн туршлагатай 10 тогооч оролцох аж. Инженерийн томьёоллын төрөлд манай баг тамирчид энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд тэмцээн ОХУ-ын Тюмень хотноо болох юм. Зургаан төрлийн нэгж техник ашигладаг уг тэмцээнд Зэвсэгт хүчний 4 ангийн 21 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангажээ.
Дэлхийн долоон улсад нэгэн зэрэг зохион байгуулдаг "Цэргийн наадам" олон улсын уралдаанд ажиглагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн офицер дэд хурандаа С.Ганбаяр Казахстан улсыг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын хурандаа Б.Эрдэнэпил, ЗХЖШ-ын Ар талын газрын техникийн хангалтын хэлтсийн химийн техникийн мэргэжилтэн хошууч Г.Дүнжингарав нар БНХАУ-ыг зорих юм.
Тэмцээнд оролцох нийт бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат өнөөдөр хүлээн авч уулзан, аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж, сурч мэдсэнээ дээд хэмжээнд харуулахыг үүрэг болгож амжилт хүслээ.