Зүүнбаянд нефтийн үйлдвэрийн 70 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгонд Нефтийн үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ой наймдугаар сарын 24-25-нд болж байна.
Сайншанд
сумын ЗДТГ, Зүүнбаян тосгоны захирагчийн Ажлын албанаас тосгоны өнгө үзэмжийг
сайжруулах, гэр хорооллын гудамж талбайг цэгцлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг
цэвэрлэх, тохижуулах зорилгоор “Хамтдаа тохижуулъя” аяныг зарлаж дүнгээ гаргасан аж.
Ойн баярын үеэр Монголын анхны, хамгийн том задгай усан бассейныг засварлаж, нефтийн дурсгалын хөшөөний нээлтийг хийлээ. Мөн баярын хурал болж, "Саран хөхөө" театрын уран бүтээлчид хүндэтгэлийн концерт тоглосон бол эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ахмадууд, залуу дунд үеийнхнийг төрийн дээд одон медаль, салбарын болон аймаг орны шагналаар шагнаж урамшуулав.
Наадмаар хязаалан, шүдлэн, даага, соёолон насны морь уралдсан бол шагай, сурын харваа, хүчит бөхийн барилдаан болж байна. Зүүнбаян 1949 онд нефтийн үйлдвэрийг түшиглэсэн Монголын анхны хүнд үйлдвэрийн төв болон хөгжих эхлэлээ тавьсан байдаг.
Нефтийн үйлдвэрийн 70 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон нефтийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадууд, зочид төлөөлөгчид, наадамчин олон, нутгийн иргэд оролцож байна.