Хийлч Б.Билгүүн “Чайковскийн үдэш”-ээр үзэгчдийн сонорыг мялаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-08 15:37:45

Хийлч Б.Билгүүн нь энэ сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа “Чайковскийн үдэш” тайлан тоглолтоороо  үзэгчдийн сонорыг мялаах нь.

Энэ удаад тэрбээр М.Понцегийн “Эстерлитта”, Э.Ясанегийн “Соната но балладе” Ж.Халворсенийн “Пассакаглиа” болон П.Чайковскийн “Виолин концерт” зэрэг суут бүтээлүүдийг эгшиглүүлнэ. 

Б.Билгүүн нь ХБК-ийн 3 дугаар курсын оюутан бөгөөд  6 настайгаасаа эхлэн хийл хөгжим тоглож буй авъяаслаг хөгжимчин.

2008 онд Бүгд найрамдах Чех улсын Устинад Орличи хотод болсон Ярославь Косианы нэрэмжит мэргэжлийн хийлчийн 50 дугаар уралдааны 2 дугаар ангилалд шилдэг тоглогч, 2 дугаар байрын шагнал хүртсэн бөгөөд түүний энэ амжилтыг Засгийн газраас өндрөөр үнэлж мөнгөн шагнал гардуулсан юм.

Мөн  2011 оны нэгдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн Олон улсын уралдаанд нийт 1000 гаруй оролцогчоос тэргүүн байр эзэлж, улмаар мэргэжлийн хөгжимчдийн хүндэтгэн дээдэлдэг концертын танхимуудын нэг “КарнегиХолл”-д болсон Гала концертод оролцох эрхээр шагнуулсан. Энэ нь Монгол хүүхэд, анх удаа “Карнеги Холл”-ийн эрхэм хүндтэй тайзан дээрээс хөгжмийн аялгуугаа өргөсөн тохиолдол болсон билээ. 

Ч.Ариунболд

相关新闻