О.Одбаяр: Газрын ховор элемент, метан хийгээ боловсруулах цаг болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болж буй "Discover Mongolia-2019" чуулга уулзалтаар уул уурхай, эрдэс баялгийн олборлолт, ашиглалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байна. Энэ талаар уран, метан, алт, мөнгө зэрэг олон ордын үйл ажиллагааг нэгтгэн хариуцаж буй төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяраас тодрууллаа.
-Манай улсад “Coal
Mongolia” болон “Дисковер” зэрэг уул уурхайн салбарын олон
уулзалт, чуулган болдог. Эдгээрийн ач холбогдол юунд оршиж байна вэ?
-Энэ олон төрлийн
уулзалт чуулганаас бид юу хүсээд байна гэхээр, уул уурхайн салбар маш эрчтэй
өөрчлөгдөж байгааг нэг талаар харж байна. Өнөөдөр уул уурхайн салбарт
технологи өөрчлөгдөж байна. Тухайн орд, уурхайн нөөц өөрчлөгдөж байна.
Орчин үеийн үйлдвэрлэлийн чиг хандлага хүртэл өөрчлөгдөж байна. Тиймээс ямар
эрдэс баялаг өнөөдрийн нийгэмд үнэ цэнтэй болж буйг энэ олон уулзалт,
үзэсгэлэнд оролцож буй тухайн салбарын экспертүүд буюу шинжээч судлаач нар
цуглаж хэлэлцдэгээрээ ач холбогдолтой юм. Тэдний судалгаан дээр тулгуурлан уул
уурхайн компаниуд ажиллаж байгаа. Тэр судалгаанаас гарч буй үр
дүнг бид үйлдвэрлэлд яаж хэрэгжүүлэх, манай улсын хувьд уул уурхайн салбарт чухал
ач холбогдолтой хэсэг нь юу болж ирж байгааг тунгаах учиртай юм.
Бид зөвхөн алт, зэс, нүүрс
гэсэн хэдхэн тооны эрдэс баялагтаа эргэлдээд байх уу, эсвэл газрын ховор
элементийн чиглэлийн олборлолт хайгуулаа хийж явуулах нь зөв үү. Жишээ нь, газрын
ховор элемент гэхэд манай улсад Лугын гол, Мушгиа худаг, Халзан бүргэдэй гээд томоохон
ордууд байна. Энэ талаар бид сүүлийн 20 жил ярьж байна. Ингэж байгаа хэрнээ
өнөөдөр яагаад бид газрын ховор элементийг олборлогч орон болохгүй байна. Энэ
нь өөрөө газрын ховор элементийг хүдрийн биетээс нь яаж салгаж авах эхний
ээлжийн боловсруулалт зэрэгтэй холбоотой юм. Энэ талын үйлдвэрлэлийг бид судалж
байна.
Манай улсад тус тусдаа,
тухайн ордууд дээр газрын ховор элементээ ялгаруулж гаргаж авах үйлдвэрлэлээ
хөгжүүллээ гэхэд эдийн засгийн үр өгөөж нь юу байх, эсвэл нэгдсэн нэг үйлдвэртэй
болоод тухайн уурхайнуудаасаа хүдрээ авчраад нэг дор баяжуулах уу гэсэн олон шийдэл байна.
-“Эрдэс Монгол” ХХК дээр таны хэлээд буй газрын ховор
элемент болон жишээ нь метан хийг олборлох дээр юу хийж байна вэ?
-Би сая хэллээ, газрын
ховор элементийг хүдрийн биетээс нь салгаж авах судалгааг хийж байна. Манайхан метан
хийгээс гадна ураны болон мөнгөний ордын, алт цэвэршүүлэх үйлдвэрийн гэсэн олон
төсөл дээр ажиллаж байна. Энэ бүхэнд цаг хугацаа шаардагдаж байна. Метан хийн
дээр манай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс метан” ХХК Австралийн метан хий олборлодог компанитай хамтарсан компани байгуулаад
Тавантолгойн Бортээг зэрэг бүлэг ордын газрын гүн дэх метан хийн давхаргын судалгаа,
эрлийг хийж байна. Сая эрлийн таван өрмийг тавьсан.
Өрмүүдийн үзүүлэлтээр Тавантолгойн бүлэг ордын доор метан хий байна гэдэг нь тогтоогдоод байна.
Одоо бид хайгуулын үе шат руу орж байна. Үүний үр дүнд хэдий хэмжээний нөөц
байгааг илрүүлж, хийгээ ашиглах технологио шийдээд ТЭЗҮ-ийг боловсруулна. Өнөөдөр
нийслэл, хот суурин газруудад бид сайжруулсан шахмал түлш хэрэглэж утааг 50
хувиар бууруулна гэж байгаа бол агаарын бохирдлын дараагийн шийдэл нь газ болон
газрын хий байх болно. Бусад улс орон ийм шийдлүүд рүү явж байна гэв.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр