Аймгийн эрүүл мэндийн салбарт дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-31 14:22:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн газарт болж байна.

Энэ удаагийн хуралдааны үйл ажиллагаа нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, зарим тулгамдсан асуудлыг олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэж, газар дээр нь шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон 17 сумын Эрүүл мэндийн салбар байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 50 орчим хүн оролцож байна.

Хуралдааны хүрээнд  Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй аймгийн дэд хөтөлбөрийн явц, үр дүн болон эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт энэ онд Засгийн газрын тогтоолын дагуу 12 хөтөлбөр болон Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги тус тус хэрэгжиж байгаа. Харин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, Эх хүүхдийн ээлтэй тусламж, үйлчилгээ, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин гэсэн дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Эдгээр хөтөлбөр хэрэгжсэнээр алслагдсан сум, багийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоо хийх, эрүүл мэндийн салбар байгууллагыг зарим шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлд нэлээд ахиц гарч байна гэж салбарын удирдлагууд ярьж байна.

Хуралдааны үеэр аймгийн дэд хөтөлбөрийн 2019 онд төсөвлөсөн орон нутгийн хөгжлийн сангийн 65.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх, Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хамрагдах зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх, халдварт өвчний эрт илрүүлэг шинжилгээнд шаардлагатай санхүүжилтийг орон нутгаас шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг нэлээд саналыг холбогдох мэргэжилтнүүд уламжилж байлаа.

Мөн сумдын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай эмийн нөөц бага тул хангамжийг нэмэгдүүлэх, 12 суманд эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан байр барих зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж оролцогчид ярив.

相关新闻