Байгаль хамгаалагчдын 82 хувь нь амь нас эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-23 12:40:35
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НБОГ-ын байгаль хамгаалагчид Балба улсын Саураха хотноо зохион байгуулсан Дэлхийн байгаль хамгаалагчдын есдүгээр чуулганд оролцлоо. Олон улсын Байгаль хамгаалагчдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг тус чуулган дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй байгаль хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх, ололтыг түгээх, сайн туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой бөгөөд энэ жил анх удаа Ази тивд зохион байгуулснраа мөн хамгийн олон улсын буюу 70 орны 550 байгаль хамгаалагчид оролцсоноороо онцлог болжээ.


Дэлхий дахинд хууль бус мод бэлтгэл, хууль бус ан, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт тулгамдсан асуудал болоод буй тул байгаль хамгаалагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ажлын нөхцөл, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг үндсэн долоон сэдвийг чуулганаар хэлэлцсэн байна.


Нийт байгаль хамгаалагчдын 82 хувь нь амь нас эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг бөгөөд 2009-2019 онд олон улсад мянга гаруй байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алджээ. 


Энэ удаагийн чуулганд оролцогчдын 40 гаруй хувийг эмэгтэй байгаль хамгаалагчид эзэлсэн байна. Зохион байгуулагч Балба улсын Засгийн газар сүүлийн арван жилийн хугацаанд ховор, нэн ховор амьтны хууль бус антай амжилттай тэмцэж, 2011 оноос хойш хирс, заан, бар зэрэг амьтдын хууль бус ангийн тоог тэглэж чадсан нь тус чуулганыг зохион байгуулах орноор сонгогдох зүй ёсны үндэслэл болсныг оролцогчид тэмдэглэсэн байна.


Мөн үеэр Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн Олон улсын Байгаль хамгаалагчдын Кампус сантай хамтран Улаанбаатар хотод бэлтгэсэн цахим сургалтын модулийн нээлт болжээ. Цахим сургалтын материалуудыг олон улсын байгаль хамгаалагчдын сургалтад үндсэн гарын авлага болгон ашиглах аж.

相关新闻