Автозам, гүүрийн барилгын ажил 5 аймагт нэгэн зэрэг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-18 12:45:49

Авто зам, гүүрийн барилгын ажил өнөөдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Завхан аймгийн Улиастай хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Ховд аймгийн Ховд хотод нэгэн зэрэг эхэллээ.

Энэ онд Монгол Улсын хэмжээнд 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3203.55 км авто зам болон 7 байршилд 1346.6 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

ЗТЯ 2012-2015 онд нийт 3405.1 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгасан бөгөөд 2013 онд 3 аймаг, 2014 онд 3 аймгийг тус тус нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон юм.

Харин энэ жил Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Төр, хувийн хэвшил (концесс)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 1538 км улсын чанартай хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлнэ.

21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох нь үлгэр шиг сонсогддог байсан бол эдүгээ биелэлээ олоход ойрхон байна хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үеэр онцлов.

Яг одоо 5 аймагт болж буй автозам барилгын нээлтийг МҮОНТВ, Eagle News, ETV, TV9, MNC телевизүүд хамтран шууд дамжуулж байна. Мөн МҮОНТВ-ийн “Студи 600”-д Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон зам тээврийн салбарынхан автозамын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч байна.

Ч.Ариунболд

相关新闻