Аймгийн хэмжээнд 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 282 хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2019 оны хагас жилийн байдлаар 13 удаа хуралдаж, дотор эрхтний согогтой, оюуны хомсдолтой, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй гэх мэт нийт 134 хүүхэд салбар комиссын хурлаар орж хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлж сунгалт хийжээ. Үүнээс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 97 хүүхэд, олдмол бэрхшээлтэй 31 хүүхэд байжээ.
Эдгээр хүүхдийг хүйсээр нь ангилахад 74 эрэгтэй, 54 нь эмэгтэй байна. Боловсролын үйлчилгээнд нийт 104 хүүхэд хамрагдаж, эрүүл мэндийн шалтгаанаар боловсролын үйлчилгээнд огт хамрагддаггүй 24 хүүхэд байдаг ажээ.
Япон улсын Жайка төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасагт сайн дурын хөдөлгөөн засалч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байна. Мөн энэ жил аймгийн “Тамир” хүүхдийн зусланд хөгжлийн бэрхшээлтэй 14 хүүхдийг үнэгүй амраажээ.
Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны А/117 дугаар захирамжаар байгуулсан байдаг.