Жил ирэх тусам малчдын хэрэглээ нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-06 17:58:41

Завхан /МОНЦАМЭ/. Завханы малчин өрхийн 97 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, малчин өрх бүр телевизортой байна.

Түүнчлэн нийт малчин өрх бүр сансрын антентай, 98 хувь нь автомашинтай, 85.8 хувь нь мотоциклтой байна. Автомашиныг маркаар нь авч үзвэл малчдын 73 хувь нь тэвштэй бага оврын ачааны машинтай бол 26 хувь нь суудлын жижиг болон JEEP маркийн автомашин хөлөглөж байна. Харин үүрэн телефоны утсыг газар нутгийн байрлалаас шалтгаалан тухайн үүрэн телефоны сүлжээ байгаа газар бүрд хэрэглэдэг. Малчин өрхийн нэг өрхөд дунджаар хоёроос гурван гар утас хэрэглэдэг судалгаа гарчээ. Гар утсыг маркаар нь авч үзвэл малчдын 70 орчим хувь нь android буюу ухаалаг гар утастай, 30 орчим хувь нь товчтой авч явахад авсаархан, цэнэгээ удаан барьдаг энгийн гар утсыг хэрэглэдэг ажээ. Малчин өрхийн хэрэглээ 2010 оноос хойш жил бүр өссөн ч сүүлийн хоёр жилийн хугацаанд ахуйн цахилгаан барааны эрэлт эрс ихэссэн байна. Үүнд аккумлятор, нарны дэлгэцээр цэнэглэдэг угаалгын машин, хөргөгч, ухаалаг гар утас, зөөврийн компьютер нэмэгдсэн. Түүнчлэн улирлын чанартай унадаг дугуй, ахуйн бусад хэрэглээ, өвлийн цагт өвөлжөөн дээрээ байшин барьж суурьших хандлагатайгаар гэрийн тавилгын хэрэгцээ нэмэгдсэн гэсэн сонирхолтой судалгааг аймгийн Статистикийн газар гаргажээ.

Залуу малчдыг дэмжиж байна

Завхан аймагт  10000 гаруй малчид  мал  аж ахуйн чиглэлээр дагнан  амьжиргаагаа залгуулдаг.

Үүний 35 хүртэлх насны  залуу малчид нь 4000 гаруй байна. Залгамж халаа болсон залуу малчид ховордож байгаа. Тиймээс Завхан аймаг залуу малчдынхаа тоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зорилго бүхий  “Залуу малчдын чуулга” уулзалтыг сүүлийн таван жил тасралтгүй зохион байгуулж байна. Залуу малчдын чуулга уулзалтад  аймгийн 24 сумын төлөөлөл болсон малчдыг оролцуулж сургалт явуулах, мал маллах арга туршлагаасаа хуваалцах, спорт урлагийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Түүнчлэн тэдний мал маллах арга туршлага, сайн санаачилгыг нь  хэд хэдэн төрлөөр шалгаруулж урамшуулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн 3000 гаруй залуу малчид чуулганд хамрагджээ. Тэд жил бүрийн чуулганаараа малын гарал үүслийг сайжруулах, ашиг шимийг нэмэх, малын өвчлөлийг бууруулах, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр санал солилцдог хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

相关新闻