ЗАВХАН: Солонготын давааны замын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-04 14:46:33

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Солонготын давааны 12.8 км шороон замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай болгох замын барилгын ажил эхэллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Солонготын давааны авто замын барилгын ажлын төслийн гүйцэтгэгчээр "Гранд макро зам" ХХК, зөвлөхөөр "Мөнхөд ашдын зам" ХХК ажиллах юм. Замын барилгын зураг төслийг "Ангад арвижих" ХХК гүйцэтгэжээ.


Солонготын давааны авто замын барилгын бүтээн байгуулалтыг нээх ёслол өчигдөр болж, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Зам тээврийн яамны ахлах мэргэжилтэн Х.Энэрэлсайхан, Их-Уул сумын Засаг дарга Г.Батсүх болон төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцлоо.


Энэхүү авто замыг хатуу хучилттай болгохдоо гурван төмөр бетон гүүр, ус зайлуулах бетон хоолойг 24 цэгт хийх юм.  Мөн давааны уруудах зам дагуу авто машин түр зогсох аюулгүйн зогсоолыг гурван байрлалд шийднэ. 


Давааны орой дээр амралтын зогсоолтой ба 10000 метрийн урттай туузан хашлага бүхий хатуу хучилттай авто зам тавих юм. Солонготын даваа нь цэвдэгтэй бүсэд оршдог бөгөөд хатуу хучилттай авто замыг цэвдэгт тэсвэртэй асфальтаар хучна. Улсын чанартай томоохон давааг хатуу хучилттай болгосноор иргэд цаг хугацаа хэмнэх, тухтай зорчих, авто машины эвдрэл гэмтэл бага байх боломж бүрдэх юм гэв.


Ташрамд, Улаанбаатар хотоос 733 гаруй км зайд орших Солонготын даваагаар ихэвчлэн Увс, Завхан аймгийн иргэд зорчдог бөгөөд нийслэлд хүрэх цор ганц зам юм.

 

Солонготын давааны авто замын барилгын ажил эхэллээ


Солонготын давааны автозамыг хатуу хучилттай болгосноор Завхан, Увс аймгийн иргэд болон, энэ замаар зорчиж байгаа жолооч тээвэрчдэд ая тухтай аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Түүнчлэн Завхан аймгийн байгалийн үзэсгэлэнт газар нутгийг үзэх гадаад, дотоодын жуулчид ч тухтай зорчих боломжтой боллоо гэж Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээлтийн үеэр онцлов

相关新闻