Цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад суманд өнөөдөр 25, 26-р цэцэрлэгүүдийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цэцэрлэгүүд тус бүр 200 хүүхдийн багтаамжтай юм.
Орон нутгийн хөрөнгө оруулалт болох “Оюутолгой” ХХК-ны “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангаас дээрх цэцэрлэгүүдийг 3,9 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд Даланзадгад сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургах хүрээ 92 хувьтай байна. “Манай аймгийн удирдлагуудын санаачлагаар энэхүү бүтээн байгуулалтыг хийлээ. Нэг цэцэрлэг нь гэр хороолол дундаа цэвэр ус, бохирын шугамд холбоотой, нам даралтын зуухаар халаахаар шийдсэн. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургах хүрээ 2012 оноос хойш 5.8 хувиар нэмэгдлээ. Хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихөөд өөрсдөө ажил хөдөлмөр эрхлэх сайхан боломжийг эцэг эхчүүдэд нээж өгч байгаагаараа бас давуу талтай. Мөн 60 гаруй хүн байнгын ажлын байртай боллоо” гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол ярилаа.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ирээдүйн иргэдийн төлөө ийнхүү хөрөнгө оруулалт хийж буй “Оюутолгой ХХК”-ны хамт олонд нутгийн зон олон талархаж байгаагаа ч илэрхийлж байсан.
Энэхүү хоёр цэцэрлэгийг барихаас өмнө буюу 2013 оноос хойш нийт 1345 хүүхдийн багтаамжтай 10 цэцэрлэгийг Өмнөговь аймгийн хэмжээнд шинээр барьсан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн