ӨМНӨГОВЬ: Монгол Улсын “Зөвлөх багш” хоёроор нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-26 16:46:40

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт Монгол Улсын зөвлөх багш мэргэшлийн зэрэгтэй хоёр багш шинээр нэмэгдлээ. 


Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/167 дугаар тушаалаар ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехникийн коллежийн багш нар болох Б.Лхамсүрэн, Ч.Зулзага нар "Зөвлөх багш" мэргэшлийн зэргийн болзлыг хангажээ.

 

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэшлийн зэрэг олгох журмын дагуу “Зөвлөх багш" мэргэшлийн зэргийг хүртсэн багш нарт Боловсролын газрын дарга Д.Баасанхүү хүндэтгэл илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Энэхүү амжилт нь багш нарын мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлийн үнэлгээ бөгөөд боловсролын салбарын хөгжилд оруулж буй чухал хувь нэмрийг үнэлж олгодог хүндтэй шагнал юм.

 

Монгол Улсын "Зөвлөх багш" Б.Лхамсүрэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн багш, Ч.Зулзага Хэвлэл график дизайн мэргэжлийн багш билээ.

 

Ийнхүү Өмнөговь аймаг Монгол Улсын зөвлөх багш мэргэшлийн зэрэгтэй 20 багштай болж байна. Зөвлөх багш нарын тоо нэмэгдсэнээр багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага хуваалцах, арга зүйн технологийн сан бүрдүүлэх зэрэгт чухал нөлөөтэй юм. 

相关新闻