"Зөгийн үүр" дэд хөтөлбөрийн хүрээнд 847 иргэн 16 улсад туршлага судалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийн хүрээнд гадаадад туршлага солилцуулах ажил хойшилж магадгүй байна гэлээ.
Өмнөговь аймаг 2016 оноос хойш "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тухайн хөтөлбөрөөр дамжуулан төрийн албан хаагч болон салбар бүрийн иргэдийг гадаадад урт болоод богино хугацааны сургалт, арга хэмжээнд хамруулсаар байгаа юм. Тэднийг эргээд аймаг, орон нутагт нь ажиллуулах зорилготой уг хөтөлбөрөөр дамжуулан гадны сайн туршлагыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэн, нутагшуулж хамтдаа хөгжих боломжийг бий болгож байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 847 иргэнийг 16 улсад туршлага судлуулжээ.
Өмнөговь аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Г.Уугантуяа хэлэхдээ "Дээрх хөтөлбөрийг 2016 оны 11 дүгээр сараас хойш хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн жил манай аймагт Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил, соёлыг дэмжих жил болгон зарласны хүрээнд тухайн салбарын хүмүүсийг гадаадад туршлага судлуулсан. Энэ жил ӨМӨЗО-ны Альшаа, Баяннуур аймагт 200 гаруй хүнийг туршлага судлуулахаар төлөвсөн байгаа. Аймаг 2020 оныг гэр бүл болон салбарыг дэмжих жил болгосон учраас тухайн салбарын хүмүүсийг явуулна" гэлээ.
Ирэх гуравдугаар сараас дээрх хөтөлбөрийн хүрээнд гадаад руу туршлага судлуулах ажил эхлэхээр төлөвлөсөн байгаа хэдий ч шинэ коронавирусний халдварын тархалтын улмаас хойшилж магадгүй байгаа аж.