Жаргалант сум зудын гамшгийн байдалд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу өвөлжилт хүндэрсэн Жаргалант суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх баг ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Жаргалант суманд ажиллаж гамшгийн эрсдэлийн үнэлгээ, тойм судалгааг газар дээр нь хийж, нөхцөл байдалтай танилцан, авах арга хэмжээг тодорхойлж буй.
Мөн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажил байдалтай танилцаж мэдээлэл, зөвлөмж өглөө. Ажлын хэсгийнхний дүгнэлтээр тус суманд өвөлжилт хүндэрч, зудын гамшгийн түвшинд хүрчээ.
Жаргалант суманд өнгөрсөн оны 10 дугаар
сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсний дээр мөсөн бүрхүүл тогтож, нийт
14 удаа цас орж хөндий, талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтсон юм.
Суманд өвөлжиж байгаа 240 гаруй мянган мал бэлчээргүй болж, тэжээл өгч байгаа бол нийт 15 мянга гаруй мал хорогджээ.