Монгол, БНСУ-ын Усны үйлчилгээний байгууллагууд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, БНСУ-ын “Кэй уотер” корпорацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд усны алдагдлыг бууруулах чиглэлээр боловсон хүчин бэлтгэх юм. Цаашлаад хоёр улс усны үйлчилгээний салбарт хамтран төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, усны чанар, аюулгүй байдлыг хангах, усны алдагдлыг бууруулах, менежментийг сайжруулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Мөн салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулж, усны мэргэжилтэн бэлтгэх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг хийх юм. Ингэснээр нийслэлийн төдийгүй орон нутгийн усны хангамж, нөөц, тэгш хуваарилалт зэрэг асуудлыг БНСУ-ын “Кэй уотер” корпорацийн тусламжтай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Усны салбар нь өөрөө дэлхийн хэмжээний чухал салбар учраас туршлагатай улс орноос шинэ техник технологи нутагшуулах нь чухал ач холбогдолтойг албаныхан онцлов.
Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын ЭСЯ, Усны үндэсний хороо, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо зэрэг нийт 20 байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Ж.Болор
注释