Малчид өл алдаж буй малд хаягдал цаас дэвтээн өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улсын нөөцөөс 120 тн өвс, 145 тн тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосныг сум бүрт 250 шуудай тэжээл, 300 боодол өвсийг хуваарилсан. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дууссан бөгөөд өл алдаж буй малдаа хаягдал цаас дэвтээн өгөх зэрэг мал тэжээж болох бүхий л зүйлийг ашиглаж байна.
Аймгийн хэмжээнд энэ онд 2652.1
мянган толгой эх мал төллөхөөс 52574 толгой эх мал төллөж, 69.4 мянган толгой
мал зүй бусаар хорогдлоо. Үүнээс Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Жаргалант,
Өндөр-Улаан сум хорогдлын дийлэнх хувийг эзэлж байна. Өвөлжилт, хаваржилтыг
эрсдэл багатай даван туулах зорилгоор аймгийн хэмжээнд малчдын түвшинд 76.3
мянган тн өвс, 1287 тн гар тэжээл, 190 тн сүрэл, 1554 тн ногоон тэжээл, 877 тн
үйлдвэрийн тэжээл, 1639 тн давс хужир шүү бэлтгэн авч нөөцөлсний үлдэгдлийг 02
дугаар сарын 24-ний өдрөөс орсон их хэмжээний цасны дараа зарцуулж дууссан.
Сумдын аюулгүйн нөөцөд 2350 тн
байгалийн хадлан, 670 тн тэжээл бүрдүүлэхээс 1244.5 тн өвс, 486.5 тн тэжээл
бэлтгэж, малчдад хөнгөлөлттэй үнээр олгож, аймгийн аюулгүйн нөөцөөс 60 тн өвс,
20.0 тн ногоон тэжээлийг үнэгүй, 25.0 тн хивэг, 15.0 тн ашигт долооцыг
хямдралтай үнээр Жаргалант, Цэцэрлэг, Цахир, Хангай суманд олгоод байна.
Өнөөдрийн байдлаар төл мал хүлээн
авахад өвс, тэжээл дутагдалтай байна. Энэ сарын эхээр Булган аймгийн Баяннуур,
Дашинчилин, Төв аймгийн Лүн сум, Сэлэнгэ, Дархан уул аймаг, Улаанбаатар хотын
тэжээлийн үйлдвэрүүдээс 350 тн өвс, 530 тн тэжээлийг татан авч, 14000-18000
төгрөгийн үнээр малчдад борлуулсан хэдий ч дууссан байна.